Хүлэмжийн хийн ялгарлыг багасгахад Япон улстай хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-11 16:38:54

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Өвлийн халаалтын улиралд Улаанбаатар хотод түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксжуулсан шахмал түлш хэрэглэнэ.


Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин Япон улсын Хотоос хот хоорондын хамтын ажиллагааны багийн гишүүдийг хүлээн авч уулзан, Улаанбаатар хотыг нүүрстөрөгчөөс ангижруулах санаачилга, газрын гүний дулааны насос, цаашид хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн талаар санал солилцов.


НЗД-ын орлогч А.Амартүвшин “Нийслэлийн агаарын бохирдлыг шийдэхийн тулд нүүрсний хэрэглээг халж, газ, цахилгаан, сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлэх ажлыг үе шаттай эхлүүлсэн. Иймээс адил цаг ууртай Японы Саппоро хотын туршлагаас судлах, JCM буюу Хамтарсан кредит олгох механизм (ХКОМ)-аас хэрэгжүүлдэг төслийг Улаанбаатарт нэвтрүүлэх хүсэлтэй байна” гэв. 


Хамтарсан кредит олгох механизмын хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг багасгах төслийг Японы хөрөнгө оруулалтаар өндөр хөгжилтэй орнуудын байгальд ээлтэй, хүлэмжийн хий бага ялгаруулдаг техник, технологи, бүтээгдэхүүнийг Монголд нэвтрүүлэх боломжтой юм.


Хотоос Хот хоорондын хамтын ажиллагааны багийн гишүүн Фүжий Масанори “Юун түрүүнд хүлэмжийн хий ялгаруулж буй эх үүсвэрүүдийг өөрчилсөн нь зөв. Дулаан алдагдлыг бүрэн шийдэж, эрчим хүчийг хэмнэснээр томоохон өөрчлөлтийг хэрэгжүүлэх боломжтой. Цаашид талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд бүх талаар дэмжин, Улаанбаатар хоттой нягт хамтран ажиллах боломжтой” гэдгээ уламжиллаа.


Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй хөгжлийн 24 мега төслийн хүрээнд агаарын бохирдлыг багасгах зорилтын дагуу үе шаттай ажил хийж эхэлсэн. Тодруулбал, нүүрсний хэрэглээг халахаар эхний ээлжид агаарын бохирдол ихтэй Чингэлтэй, Баянгол дүүргийн таван хорооны 5000 өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлж байгаа билээ. 

相关新闻