Алтайн урианхайчууд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-11-22 10:47:53

Алтайн урианхайчууд Ховд  аймгийн Дуут, Мөнххайрхан суманд бөөнөөрөө оршин сууж Монгол Алтайн нурууны төв хэсгийн өндөр уулын бүс нутагт гол төлөв мал аж ахуй эрхлэн амьдардаг. Урианхайчууд VII-VIII зууны үед Хянганы нуруу орчимд нутаглаж байсан гэж Хятадын сурвалжид тэмдэглэжээ.

Харин “Монголын нууц товчоо”-нд  өгүүлж буйгаар Х зууны үед зарим нь Бурхан халдунд ирж нутаглаад ХII зууны үеийг үзжээ.Чингис хаан 1206 онд Их монгол улсыг байгуулж бүх иргэдийг мянганы тогтолцоонд оруулахад хэд хэдэн мянган болон зохион байгуулагджээ. XV-XVI зууны тэргүүн хагасын зүүн монголын зургаан түмний нэг нь урианхан түмэн байв. Тэр цагт зүүн монгол нь баруун, зүүн хоёр гарт хуваагдаж агсан бөгөөд урианхан түмэн нь халх, цахар түмэнтэй цуг зүүн жигүүрт багтаж байв.

Зүүн монголын урианхай нарын зарим нь XVI зууны дунд үед Батмөнх даян хааны отгон хөвүүн Гэрсэнзийн  захиргаанд оржээ. Энэ урианхан нар Гэрсэнзийн шууд удирдлаганд очоод, дараа нь түүний хатан долоон хүүдээ нутаг хуваахад урианхай отог нь отгон хүү Сами-буймын мэдэлд очжээ. Уг нь Хэнтий уул хавиар нутаглаж байсан урианхай нар Гэрсэнз Жалайр хун тайжийн харъяанд  очсоныхоо дараа XVI зууны эхээр баруун тийшлэн, Хангайн ууланд очиж хэсэг сууснаа, удалгүй цаашлан, Алтайн ууланд хүрчээ. XVII зууны үед тэд Алтайн Бүсхайрхан уулын орчимд суурьшин, Халхын Засагт хан аймагт харъяалагдсан байна. 1680-аад оны Халх, Ойрадын хямралын үеэр энэ урианхайн нэг ноён Мада Зоригт өөрийн харъяат ардаа дагуулан Илийн Төмөрт нуурын орчимд очиж суужээ. Манжийн эрх баригчид Хөх нуурт очсон урианхай нарыг 1706 оноос эхлэн түр хугацаагаар Алтай, Эрчис, Бархөл, Өрөнгө газраар суулган Ойрадыг сэргийлүүлж байгаад 1750-иад оны сүүлчээр Халхад буцаан авчираад нэгэн хошуу болгон зохион байгуулаад, Засагт хан аймагт харъяалууулан суулгасан байна.

Манж Чин улсын дарангуйллын үед Алтайн урианхай нар засаг захиргааны зохион байгуулалтын хувьд зүүн, баруун хоёр гарт хуваагдан 7 хошуу, 29 сумаас бүрдэж байв. Зүүн гарт Зүүн амбаны, Мэйрэн зангийн хошуу, Цагаан соёны хошуу, Хар соёны хошуу багтаж байсан бол баруун гарт Баруун амбаны хошуу, Гомбо да-гийн хошуу, Шар да-гийн хошуу тус тус багтаж байжээ. Алтайн урианхайн долоон хошуунаас Зүүн, баруун амбаны, Мэйрэнгийн, Гомбода-гийн зэрэг дөрвөн хошуу нь алтайн урианхайчуудаар  бүрдэж байжээ. 

Монголчууд Манжийн эрхшээлээс гарсаны дараа аймаг хошуудыг засаг захиргааны шинэ зохион байгуулалтанд оруулахад, Алтайн урианхайчууд Дөрвөдийн Сайн заяат  баруун гарын үнэн зоригт  ханы  аймагт харъяалагдах болсон байна.

Монгол оронд Ардын хувьсгал ялсан түүхэн он жилүүд буюу 1927 оны 10 дугаар сарын  05-ны өдөр Мөнххайрхан сумын гол нутаг хамарсан Дархан бээс, Саруул гүн, Ёст гүн  гэсэн гурван хошууны дарга, төлөөлөгчийн хурал болж гурван хошууг нийлүүлэн нэгэн хошуу болгох тухай хэлэлцэн Алтай хан уулын Урианхайн баруун хошуу болгон байгуулж, захиргааг одоогийн Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Их Жаргалантын аманд суурьшуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь одоогийн Мөнххайрхан сум үүсэн байгуулагдах анхны алхам болсон.

Мөнххайрханчууд өвөг дээдсээс уламжилж ирсэн нүүдлийн соёл иргэншлийн баялаг өв сантай. Өндөр уулаар нутагтай жилийн дөрвөн улиралд байнга нүүдэллэн, мал сүргээ өсгөн үржүүлж ирсэн нүүдэлчин ард түмэн билээ.

Нүүдэлчдийн соёл иргэншлийн  салшгүй өв болох байгаль дэлхийгээ шүтэх, уул овоо тахих, байгалиа хайрлах,  зан заншил, билэг сургаалийн барагдашгүй сан хөмрөгтэй. Ахуйн хүрээнд хэвшсэн соёл нь зан үйлийн өргөн дэлгэр утгыг агуулсан, нийт Монголчуудын, тэр дундаа баруун Монголчуудын зан үйлийн соёлтой адил түгээмэл шинжтэй боловч урианхайчуудын үндэсний онцлог шинжийг хадгалснаараа өвөрмөц ялгаатай. Эзэн Чингисийн үеэс үүссэн үндэсний сурын харваа гэхэд л урианхай сурын харваа гэж бие даасан төрөл болон дэлгэрсэн байх жишээтэй.

Мэндлэх, хүндлэх, ёс нь малчин Монголчуудын нэгэн адил дөрвөн  улиралд  өөр өөр байдаг бол шинэлэх, битүүлэх, хуримлах, оршуулах, овоо тахих ёс, зан үйл нь арай өвөрмөц байдаг. Жишээлбэл: Овоо тахих, цагаан сарын шинийн нэгэнд “Баян” дээр өвчүү, дөрвөн өндөр шатаах зэрэг ёслолууд нь дөрвөн зүг, гурав гурваар нь цуварсан 12 сан, гол сантайгаа нийлээд 13 буюу Алтайн 13 сан тавьдаг нь өөр ястан үндэстэнд бараг байдаггүй өвөрмөц зан үйлийн нэг юм.

Түүнчлэн Алтайн уулсын савдаг 18 настай, үзэсгэлэн гоо охин байдаг гэх ардын ам дамжсан домгоос ургуулан бодвол Алтайн уулсаа тахих, уул овоо цагаан сарын “баян” дээр айл болгон өвчүү шатаадаг нь гагцхүү тэр Алтайн уулын эзэн савдагт идээгээ өгч байгаа хэрэг юм. Учир нь урианхайчууд хэзээнээс нааш өвчүүг бэрийн идээ буюу эмэгтэй зочинд тусгайлан өгдөг хүндэтгэлийн идээ болгон хэрэглэж иржээ.

А.Бямбасүрэн

相关新闻