ЕБС-ийн захирлуудын өгсөн мэдээлэл бодит байдлаас хол зөржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ“Архангай”-бие даан амьдрах төвийн тэргүүн П.Ганчимэг, 2016 онд тус төвийнхэн аймгийн хэмжээний хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсролд хэрхэн хамрагдаж байгаад судалгаа хийхэд, тэдний 40 хувь нь ямар нэгэн байдлаар хамрагдаагүй байгаа нь илэрсэн байхад ЕБС-ийн захирлууд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хоёроос бусад нь сургуульд бүрэн хамрагддаг гэж ташаа мэдээлэл өгсөн хэмээн мэдэгдэж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд анги дэвшин суралцахад саад болоод байгаа тулгамдсан асуудал багагүй байдаг аж. Эдгээрийг арилгахад нөлөөлөх зорилгоор тус ТББ-аас үнэлгээ хийхэд хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн сургуульд элсэх асуудлыг эцэг эхийн үүрэг төдийгөөр хязгаарлаж, түүгээр ч зогсохгүй хөгжлийн бэрхшээлтэй гэх шалтгаанаар сургуулиуд элсүүлэх, анги дэвшүүлэн суралцуулахаас татгалзсан зэрэг дүгнэлт гарчээ. Эдгээр асуудлыг шийдвэрлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах орчныг хязгаарлаж буй байдалд нөлөөлөх зорилгоор шийдвэр гаргагчид, дарга нарыг өнгөрсөн аравдугаар сард зохион байгуулсан “Хүүхэд бүрт боловсрол” нэртэй өдөрлөгт урихад нэг нь ч ирээгүй нь ХБИ-ийн асуудлыг үл ойшоож буйг илтгэж байна гэж ХБИ-дийн холбоодын зөвлөлөөс үзэж байгаа аж.
Эдүгээ Архангай аймагт асран хамгаалагчийн тэтгэмж авч байгаа 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй 219 хүүхэд байгаа юм.
Л.Булган