ОХУ-ын ЭСЯ-наас мэдэгдэл гаргав
МОНГОЛЫН МЭДЭЭ“Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ноос энэ сарын 14-нд ОХУ-ын өмчийн байруудыг хувьчлахыг шаардаж хэвлэлийн бага хурал зарлан сэтгүүлчдэд хандсан. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын ЭСЯ-наас мэдэгдэл гаргасныг өнөөдөр Ахлах зөвлөх Валентин Витальевич Кулаков танилцуулав.
ОХУ-аас өөрийн өмчийн байруудыг Монголын талд шижлүүлэн өгөхөөр идэвхтэй ажиллаж байгааг мэдэгдэлд дурьдаад “Хэдэн жилийн өмнө "Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ноос ОХУ-ын өмчид байсан Улаанбаатар хотын 11, 12, 13, 17 болон Дарханы 3, 4 байрны гэрчилгээг хүчингүй болгосон. Гэтэл дээрх байруудыг Монголын талд шилжүүлэн өгөхөд хуучин гэрчилгээ зайлшгүй шаардлагатай.
“Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ноос ОХУ-ын өмчийн байруудыг Монголын 15 мянган иргэн түрээслэн амьдарч байгаа гэж мэдээлсэн. Одоогоор ОХУ-ын өмчийн 15 орон сууц байгаагаас 8-ыг нь Монголын 30 өрх түрээслэн амьдардаг. Үүнд 15 мянган хүн байхгүй. Түүнчлэн сард 5 сая ам.доллар буюу жилд 60 сая ам.доллар төлдөг гэсэн ташаа мэдээлэл тараасан. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ч ОХУ-д энэ хэмжээний ашиг өгч байгаагүй. Дээрх маргаантай асуудлыг шийдвэрлэхээр “Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хүрээнд байгуулсан ажлын хэсэг” ирэх сарын дундуур хуралдахаар товлосон.
1990 онд ОХУ өөрийн өмчийн 1400 гаруй үл хөдлөх хөрөнгө, цэргийн техник, тоног төхөөрөмжийг Монгол Улсад үнэ төлбөргүй шилжүүлэн өгсөн. Мөн Монгол Улсын 11 тэрбум ам.долларын өрийг барагдуулсан. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын зүгээс Монголын талд тааламжгүй хандаж байгаагүй” гэжээ.
Мөн хоёр орны найрсаг харилцааг өндрөөр үнэлж, хүндэтгэдгээ дурьдаад, энэ онд тэмдэглэн өнгөрүүлэх Монгол, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн аливаа үйл ажиллагаанд “Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ноос саад, тотгор учруулахгүй гэж найдаж байна” хэмээв.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр