Гүржийн иргэд зам тээврийн ослоор амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-11-21 14:08:58

ТБИЛИСИ./BBC/. Зам тээврийн ослоор амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх Дэлхийн өдрийг тохиолдуулан ням гарагт Гүрж улсын нийслэл Тбилиси хотод  өвөрмөц нэгэн жагсаал цуглаан боллоо.

4 сая орчим хүн амтай тус улсад жилд 600 орчим хүн зам тээврийн ослын улмаас амиа алдаж, 9 мянга гаруй хүн гэмтэж бэртдэг байна.

“Замыг аюулгүй болгож, амь насаа аварцгаая”, “Гарцан дээр явган зорчигчдод зам тавьж өг”, “Явган хүний зам бол автомашины зогсоол биш” гэсэн үгс бүхий зурагт хуудсууд барьсан жагсагчид Гүржийн парламентын байрны өмнө цуглаан зохион байгуулжээ.

Жагсагчдын нэг болох “Замын аюулгүй байдлын төлөөх холбоо” гэдэг ТББ-ын тэргүүн Эка Лалиашвили ярихдаа, Европын орнуудад 100 мянган хүн тутамд ногдох зам тээврийн ослоор амиа алдсан хүмүүсийн тоо 6 байдаг бол Гүржид энэ тоо 15-д хүрснийг анхааруулж байлаа.

Жагсаалд цөөн хүн оролцсон боловч олны анхаарлыг ихээр татсан арга хэмжээ боллоо. Бүрээ үлээж, бөмбөр нүдсэн жагсагчид парламентын ордны хажуугаар явж өнгөрснийхөө дараа явган хүний гарцан дээр зэрэгцэн хэвтсэн байна.

Дашрамд дурдахад, 2005 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх Дэлхийн өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын гуравдахь ням гарагт тэмдэглэн өнгөрүүлж байх шийдвэр гаргажээ. НҮБ-ын мэдээллээр, дэлхий даяар жил бүр 1 сая 250 мянга орчим хүн зам тээврийн ослын улмаас амиа алддаг ба осолд өртөн нас барсан тохиолдлуудын 90 орчим хувь нь дунд болон бага орлоготой орнуудад бүртгэгддэг байна.

Х.Сарнай

 

 

相关新闻