УИХ-ын даргын ивээл дор сумдад шатрын тэмцээн зохион байгуулагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙШинэ Үндсэн Хууль батлагдсаны 25 жилийн ойн хүрээнд УИХ-ын даргын ивээл дор Хэнтий аймгийн сумд шатрын аваргуудаа шалгаруулах тэмцээнүүдийг зохион байгууллаа.
Хэнтий аймгийн төв Хэрлэн сумын аварга шалгаруулах тэмцээнд 18-аас дээш настай, спортын цол зэрэггүй эрэгтэй 17, эмэгтэй 5 шатарчин оролцож, оюун ухаанаа сорьжээ. Энэ жилийн хувьд Хэрлэн сум байгууллага тус бүрээр шатрын аваргаа тодруулж, шалгарсан тамирчдаа аймгийн аварга шалгаруулах /ААШ/ тэмцээнд оролцох эрхээр шагнаж байгаа юм байна.
Тэмцээний нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Н.Ганбямба хүрэлцэн ирж, тамирчиддаа спортын өндөр амжилт хүсч анхны өргийг эхлүүлжээ. Шатрын тэмцээний аваргаар эмэгтэйчүүдээс 83 настай Ж.Хүрэлтогоо түрүүлж, удаах байранд 73 настай Ч.Ичинхорлоо шалгарсан бол эрэгтэйчүүдээс Х.Жадамбаа 1-р байр, Р.Одонхүү 2-р байр, Ц.Жүгдэр 3-р байрыг тус тус эзэлж, ААШ тэмцээнд оролцох эрх, мөнгөн шагналаар шагнагдсан аж.
Сумдаас шалгарсан шатарчид 2016 оны 12 сарын 10-11-ний өдрүүдэд болох ААШ тэмцээнд оролцох юм.
Тус аймгийн Шатрын холбоо санаачлан ирэх 12 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд Бор-Өндөр суманд Насанд хүрэгчдийн 2017 оны ААШ шигшээ тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 шилдэг шатарчид тойргоор тоглож, аваргаа шалгаруулах юм байна.
Хэнтий аймгийн хэмжээнд 600 гаруй хүүхэд шатрын спортыг сонирхон хичээллэдэг бөгөөд тус аймагт ажиллаж амьдарч байгаа спортын мастер 1, дэд мастер 15, спортын зэрэгтэй 20-иод шатарчид байдаг аж.
Д.Одонтунгалаг