Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам "Дотоод сэтгэл амгалан байх нь бүх зүйлд тустай” хэмээн айлдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-11-20 12:07:05

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монголын сүсэгтэн олонд зориулж Богд ламын ван авшиг, Шар жигжид бурхны насны авшиг зэрэг нэн ховор номын айлтгалыг “Буянт-Ухаа” цогцолборт айлдав.

Тэрээр  нас уртасгах, буян хишиг арвижуулах, өлзий хутгийн цог бадраах, санасан хэрэг сэтгэлчлэн бүтэх, барцад арилгах, саад зэтгэрийг зайлуулах зорилгоор дээрх номыг айлдаж буй юм. Тэрээр хэлэхдээ, “Эрт үеэс Монголын ард түмэнтэй номын барилдлагатай явж ирсэн. Та бүхний сүсэг бишрэл баттай, үнэнч байгаа нь гайхамшигтай. Би өндөр хөгжилтэй олон оронд очсон. Хөгжил хүний таван мэдрэхүйг амгалан байлгадаг ч дотоод сэтгэлийг амгалан байлгаж чаддаггүй. Дотоод сэтгэл амгалан байх нь бүх зүйлд тустай” хэмээн айлдлаа.

"Буянт-Ухаа" цогцолбор 5000 хүний суудалтай бөгөөд одоогоор суудал дүүрч, гадаа нь хүмүүс дугаарлаж байна. Далай багшийн айлтгалд аль болох олон хүнийг хамруулахыг зорьж буй бөгөөд өглөөний хуралд оролцож чадаагүй сүсэгтэн олныг үдээс хойш 13:00-15:00 цагт үргэлжлэх айлтгалд оролцуулах боломжтой хэмээн Гандантэгчинлэн хийдээс мэдээллээ.

 Өчигдөр Далай багш Гандантэгчэнлин хийдийн  Очирдара, Гандан дуган, Дэдонповрон дугануудаар морилжээ. Мөн тус хийдийн лам хуврагууд Дээрхийн Гэгээнтэн XIV Далай багшид зориулан ном хурж, Ламын цогчид, Мандал өргөсөн байна. Үүний дараа Гандантэгчэнлин хийдийн Жанрайсиг дацангийн өмнөх талбайд Далай лам сүсэгтэн олонд мэндчилгээ дэвшүүлсэн. Тэрээр мэндчилгээндээ “Монгол, Түвд хоёр эрт дээр үеэс ахан дүүсийн барилдлагатай ард түмэн. Бурханы шашин дэлгэрэхээс өмнөх үед ч гэсэн холбоотой байсан нь түүх шаштирт тэмдэглэгдсэн байдаг. Дараа нь бурханы шашин дэлгэрснээр харилцаа улам гүнзгийрсэн,  багш, шавийн барилдлагатай болж, буддын шашин, олон зүйл Монголд дэлгэрч, харилцан соёл, харилцаагаа сайжруулж ирлээ. Монголчууд өнөөдөр хөгжил дэвшилд хүрч байна, шинэ цагийн эрдэм боловсролыг гайхалтай сайн эзэмшиж байна. Монголын ард түмэн та бүхэнтэйгээ дахин уулзаж байгаадаа  баяртай байна. Гадаа хэдийгээр хүйтэрч байгаа ч гэсэн дотоод сэтгэлдээ бүлээн уур амьсгал, энэрэн нигүүлсж, амар амгалан байх болтугай” хэмээн онцлов.

Маргааш  Дээрхийн Гэгээнтэн Монголын нийт лам хуврагууд их, дээд сургуулийн эрдэмтдийн дунд “Шинжлэх ухаан ба Бурханы сургаал” сэдэвт хэлэлцүүлэгт морилж, айлдвар айлдах юм байна.

 Б.Заяа

相关新闻