Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах асуудлаар ярилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-11-20 01:53:18

Баян-Өлгий аймгийн шүүхийн Тамгын газар нь Цагдаагийн газрын  албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулав.

Уулзалтын гол сэдэв нь "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-ын хэрэгжилт, Тахарын албаны тухай хууль хүчингүй болж, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг Цагдаагийн газар хамгаалахаар болсонтой холбогдуулжээ. Уулзалтад нийт шүүгч, Тамгын газрын дарга, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн болон Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнууд, тус шүүхэд үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн албан хаагч нар оролцлоо.

Тахарын албаны тухай хууль хэрэгжиж байх хугацаанд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг тусгай чиг үүрэг бүхий байгууллага гүйцэтгэж байсан бөгөөд уг хуулийг хүчингүй болгосноор тэдний чиг үүрэг Цагдаагийн газарт болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжсэн билээ. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн эрх бүхий албан тушаалтнуудад шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах журам, түүний хэрэгжилт, шүүгчдийн нүүдэллэн ажиллах нөхцөл, шүүхийн ажлын онцлог, хавтаст хэргийн аюулгүй байдлыг хамгаалан ажиллахад цагдаагийн албан хаагчийн гүйцэтгэх үүрэг зэргийг танилцуулж, шүүгчдийн зүгээс тус шүүхэд хоёр жил гаруй хугацаанд үүрэг гүйцэтгэж, тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан ажилтнуудыг хэвийн ажиллуулахад анхаарал хандуулахыг санал болголоо.

Цагдаагийн байгууллагын зүгээс шүүх хуралдааны тов, шүүгч өөр аймагт томилолтоор ажиллах, шүүх бүрэлдэхүүн оролцох, нүүдэллэн ажиллах болон олны анхаарлыг татсан хэрэг маргааныг шийдвэрлэх шүүх хуралдааны товыг тусгайлан мэдэгдэх шаардлагатайг болон шүүх хуралдаан олноор зарлагдах, хүн хүчний хүрэлцээ хүрэхгүй байвал хүч нэмэгдүүлэн ажиллаж, журмын хэрэгжилтийг хангахад шүүхийн Тамгын газрын зүгээс хяналт тавьж ажиллахыг хүслээ. 

Мөн дээрх журмын хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын дарга, шүүхийн Тамгын газрын дарга нарын хамтарсан тушаалаар  2016 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө батлагдлаа. Уг төлөвлөгөөнд шүүгч, ажилтнуудаас гаргасан саналыг тусгасан тухай аймгийн шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

Ш.Айзаря

 

相关新闻