«Хүүхдийн эндэгдлийг бууруулах нь» сэдэвт хэлэлцүүлэг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас санаачлан энэ сарын 18-ний өдөр “Хүүхдийн эндэгдлийг бууруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч, Засаг даргын тамгын газрын дарга, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, Мэргэжлийн хяналтын газрын дарга нар болон Эрүүл мэндийн газрын газар, Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, Нэгдсэн эмнэлгийн төрөх, Хүүхдийн тасгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ахлагч, эмч нар, нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд зэрэг нийт 50 хүн оролцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр хүүхдийн эндэгдлийн шалтгаан нөхцөлд хийсэн судалгааны дүнг танилцуулан түүний мөрөөр Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Улсын ахлах байцаагч Б.Мухамед Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга нарт зөрчил арилгуулах хүүхдийн эндэгдлийг бууруулах албан шаардлага өгч биелэлтийг хангуулах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажлын хариуцлагыг дээшлүүлэх талаар үүрэг даалгавар өглөө.
Аймгийн засаг дарга А. Гылымхан цаг үеэ олсон тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж буй Мэргэжлийн хяналтын газарт талархаснаа илэрхийлэн эрүүл мэндийн салбар бол аймгийн зуун мянга гаруй хүн амын эрүүл мэндийн асуудлыг хариуцсан маш чухал салбарын нэг бөгөөд цаашид эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд өөр, өөрийн ажилдаа хариуцлагатай, ёс зүйтэй ажиллах, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилгоор эрүүл мэндийн байгууллагуудад аймгийн Засаг даргын албан даалгавар хүргүүлэхээр боллоо.
Ш.Айзаря