С.Пүрэвдорж: Дулаан байр бэлтгэх нь бэлчээрийн мал аж ахуйн хөгжилд гарах том өөрчлөлт юм
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Малчдын малаа өвөлжүүлж, хаваржуулах үйл явцыг жаахан ч атугай шинэчилж, тэжээлийг нь өгөөд дулаан байртай болгох шинэ санаачилгын талаар Монгол Улсын ХАА-н гавьяат ажилтан С.Пүрэвдоржтой ярилцлаа.
“Тэнгэрт найддаг хуучин сэтгэлгээгээ өөрчилж, тэжээлд даатгадаг тогтолцоонд шилжмээр байна”
-Таны шинэ санаачилга гаргахын
шалтгаан нь юу байв?
-Энэ талаар олон зүйл ярьж болно. Саяхан Улаанбаатарт болсон “Зүүн Азийн өвлийн улирлын уур амьсгалын төлөв”-ийг хэлэлцсэн олон улсын хурлаас энэ өвөл агаарын даралт огцом өөрчлөгдөж, сүүлийн 30 жил тохиогоогүй хүйтэн Монголд болно гэж мэдээллээ. Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас ч төвийн болон зүүн зүгийн нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орно, хүйтний эрч илүү байна гэлээ.
Малчдын олон үеийн турш хэрэгжүүлж, хэвшил болсон арга туршлага, судлаачид, мэргэжилтнүүдийн зөвлөмж зөндөө бий. Энэ л тогтож хэвшсэн нэгэн хэв загвар, зуршлаараа явсаар олон жилийг өнгөрүүлж алдаж, оносоор өдий хүрсэн. Өөрөөр хэлбэл энэ тэжээлийг тэгж өг, ингэж өг, ингэж малаа хариул гэж улиг домог болтол ярьсаар ирсэн нь зохих үр дүнгээ бага ч гэсэн өгсөөр ирлээ.
Гэвч бидний амьдарч буй XXI зуунд нийгэм, эдийн засгийн бүх салбарт хүний арга ажиллагаа, техник технологи өдрөөс өдөрт өөрчлөгдөн шинэчлэгдэж, үсрэнгүй хөгжсөөр нийгмийн хөгжлийн өнгө аясыг дагаад малчдын сэтгэл зүй, мал маллагааны арга ажиллагаа, зарим талаараа өөрчлөгдсөөр байна. Тухайлбал, ердийн хөсөг жагсаалаас гарлаа. Морь унадаг хүн, бог малаа саадаг саальчин цөөрлөө. Малчин хүн мориор мал хариулдаг байснаа мотоциклээр сольж, дараа нь лада, эксэл машинаар, одоо приүс машинаар хонио хариулж байна. Тэд машиндаа суугаад дэлхийн аль ч улс оронтой чөлөөтэй харилцдаг боллоо. Үүнийг буруутгах аргагүй ээ. Харин өвөл, хаврын хатуу ширүүн улирлыг давж чадахгүй, сөгдөж, юм л бол байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолоо гэдэг. Энэ сэтгэлгээг эрс өөрчилж, малчин хүн цаг агаарын байдлыг харж, тэнгэрт найдан хуучин уламжлалт сэтгэлгээгээ өөрчилж, тэжээлд даатгадаг тогтолцоонд шилжих зайлшгүй шаардлагатай боллоо.
-Бэлчээрийн мал маллагааны ажиллагаанд
таны бодлоор ямар өөрчлөлт хиймээр байна?
-Энэ талаар эхлээд жаахан тайлбар хэлье. Өвөл, хаврын хатуу улирал манай орны нөхцөлд удаан үргэлжилдэг. Цас орж хүйтэрнэ. Бэлчээрийн ургамлын ургац зун, намрынхаас 50-70 хувь, шимт бодисын хэмжээ 2-3 дахин багасдаг. Малын бэлчээрт идээшлэх хугацаа богиносдог зэргээс мал хэрэгцээт тэжээлээ бүрэн олж, идэж чадахгүй, дөнгөж 40 орчим хувийг олж идээд, хагас өлсгөлөнгийн байдалтай байна.
Бас хүйтэнд даарч бээрснээс биедээ хуримтлуулсан уурагт бодисоо шавхан зарцуулсаар эцэстээ турж, доройтон улмаар үхэж хорогдох гол шалтгаан болдог. Ийм учраас бэлчээрт осгож, даарахаас хамгаалсан мал тэжээх битүү дулаан байрны талаар мэдээлэл өгье гэж бодсон.

Энэ нь ӨМӨЗО-д хийсэн 21х9-ийн харьцаатай /180м.кв/ төмөр хашаа, битүү дулаан бүрээстэй нарны тусгал сайн оруулах боломжтой, цонх, агааржуулагчтай, мал тэжээх том байгууламжийг Дорнод аймагт “Хайду ажируг” компани оруулж ирээд угсарч байгаатай би танилцлаа. Үнийн хувьд арван сая төгрөг. Байрны хэмжээг малынхаа тооноос хамааруулаад томсгож болно. Мал бэлчээх боломжгүй үед энэ битүү дулаан төхөөрөмжид өглөө 9-10 цагийн үед оруулаад, орой 17-18 цаг хүртэл өвс, тэжээл, хужир, шүү идүүлж, усаа уулгаж, өдөрт нь чөлөөтэй бэлчээрийн байдлаар байлгаад орой буцааж өвөлжөөнийхөө үндсэн хашаанд хонуулахад өдөр нь даарч бээрээгүй мал чөлөөтэй тайван хэвэн хэвтэж, идсэн хоол тэжээлээ сайн шингээх тул турж муудах тухай асуудал огт байхгүй. Зудаас ч айх аюулгүй болно. Мал хур хүчтэй орсноор дараа дараагийн жилүүдэд махан таргаа илүү авч, ашиг шим сайтай чанартай сүрэг бий болно. Үүний зэрэгцээ малчны хөдөлмөр хэчнээн хөнгөвчлөгдөх нь бүр тодорхой. Ийм нийгэм, эдийн засгийн асар их ач холбогдолтой ажлыг малчид маань хийх болоод байна.
-Энэ бол үнэхээр ач холбогдолтой мал тэжээх дулаан байр гэдэг нь ойлгогдож байна. Урьд жилүүдэд заримдаа дараалаад, заримдаа өнжөөд л зуд турхантай тулдаг болоод байна шүү дээ? Энэ санаа малчдад маш их дэмтэй юм байна даа?
-Зуд ямар аюул учруулж байсан талаар ганц нэг баримт дурдъя. Малаа үхүүлж, овоолго хийгээд, хотоо харлуулдаг, улсаас асар их хэмжээний хөрөнгө, зардал гаргадаг, малынхаа хойноос явж малтайгаа хүнтэйгээ золгүй явдал учрах зэрэг аюулт үзэгдэл тохиож байсан. 2023-2024 оны зудад Сүхбаатар, Хэнтий, Архангай аймаг илүү ихээр нэрвэгдэж, нийт малын гуравны нэгийг алдсан байдаг. 2023 онд улсын хэмжээнд 4.9 сая мал хорогдож 1167.3 тэрбум, 2024 онд 8.9 сая мал хорогдож 1823.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Зудын хохирол зөвхөн малын хорогдлоор хязгаарлагдахгүй, дараагийн жилүүдэд үлдсэн малын ашиг шим багасч, малчдын орлого буурдаг зэрэг муу үр дагавартай.
Ийм аюулт үзэгдэлд нэрвэгдэхгүйн тулд битүү дулаан байрандаа малаа тэжээж, онд бүрэн оруулах нь хамгийн найдвартай арга, бэлчээрийн мал аж ахуйн хөгжилд гарах өөрчлөлт шинэчлэл гэж харж байна. Дулаан байр, дундуур идэшнээс дээр гээд ам дамжин яригдаад байдаг ардын үг ямар их үнэ цэнтэй вэ.
-Малаа бэлчээхгүй тэжээхэд өвс, тэжээл их шаардагдах уу?
-Манайхан тэжээл бэлтгэж сураагүй, мал тэжээж мөн сураагүй. Байгалийн бэлчээр, хадлангийн өвс хэрэглэсээр ирсэн. Гэтэл бэлчээр маань урьдын адил малын хэрэгцээг хангаж чадахаа больж талхлагдсан. Иймд тэжээлийн ургамал их хэмжээгээр тарьж, тэжээл бэлтгэх хэмжээг одоогийнхоос 2-3 дахин нэмэгдүүлэх шаардлагатай. Өвөлжөө, хаваржааныхаа хөл бууцанд ногоон тэжээл тарьж сурч байгаа нь сайшаалтай. Үүнийгээ улам өргөжүүлж, вандуй, бог будаа, хошуу будаа, эрдэнэ шиш мэтийн уургаар баялаг тэжээлийн ургамлыг тариалах нь зүйтэй. Миний санал болгож байгаа мал тэжээх байгууламжийг олон хувилбараар ашиглаж болно. Нүүж суухад аваад явж болно. Нэг портер ачаа болдог юм билээ. Зуны хашаа хэлбэрээр хэрэглэж болно. Хавар ногоон тэжээл тариад намар хадаад тэндээ хураачихна. Зөөвөр, тээврийн асуудал гарахгүй. Мөн тэжээлээ оройтуулж тариад тугал, бяруу, хурга бордож болно. Хурдан морь тэжээж болно. Төмс, хүнсний ногоо ч тарьж болно. Энэ мэт олон хувилбараар жилийн турш ашиглаж болох ач холбогдолтой төхөөрөмж байгаа юм. Энэ төхөөрөмжийг улс орон даяар хэрэглэх талаар “Бэлчээрийн уламжлалт мал аж ахуйг байгалийн эрсдэлээс хамгаалах цогцолбор” нэрээр хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхийг ХХААХҮЯ-нд санал болгож, өргөнөөр авч хэрэглэхийг малчдадаа уриалж байна.

-Таримал тэжээлийн хэмжээ нэмэгдэхийн
хэрээр сайн чанарын үрийн нөөц шаардлагатай болох байх?
-Тэжээлд тариалах ургамлын үрийн соёололт, бусад ургамлын хогт хольц зэргийг шалгаж, стандартын шаардлага хангасан сайн чанарын үрийг зориуд бэлтгээд малчид, аж ахуйн нэгжүүдэд захиалгаар худалдах нь зүйтэй. Байгалийн аюулт үзэгдлээс мал сүргээ хамгаалах талаар анхаарч зуд болсон хойно өвс тэжээл зөөгөөд, мөнгө хөрөнгө цацаад үр дүн хангалттай биш байдаг хуучин аргаа ийнхүү эрс өөрчлөх хэрэгтэй болоод байна.
Мал аж ахуйн хөгжлийн үндэс ургамлын аж ахуй, ургамлын аж ахуйн хөгжлийн үндэс үрийн аж ахуй гэдэг эрдэмтдийн үг бий. Иймд ХХААХҮЯ-ны зүгээс сайн чанарын үр, зориулалтын техникээр хангах том бодлого явуулж, эдгээр асуудлыг анхаарлынхаа төвд авч эрч хүчтэй дэмжихийг хүсэж байна.
-Ярилцсанд баярлалаа.

Ulaanbaatar