2016 онд 460,8 мянган тонн буудай хураан авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-11-18 16:16:09

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд Ургац хураалт болон мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр авч байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийв.

Ерөнхий сайд мэдээллийн эхэнд оны эхний 10 сарын байдлаар ХАА-н салбарт энэ оны тооцсон үнээр 2,4 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн хэмээн онцлов.

Тэрбээр "Энэ оны ургац хураалтын урьдчилсан дүнгээр нийтдээ 475.8 мянган тонн үр тариа, үүнээс 460.7 мянган тонн буудай, 153.7 мянган тонн төмс, 93.5 мянган тонн хүнсний ногоо, 19.6 мянган тонн тосны ургамал, 50.6 мянган тонн тэжээлийн ургамал буюу нэгжээс 14.0 цн улаанбуудай, 105.0 цн төмс, 112.1 цн хүнсний ногоо, 17.3 цн тэжээлийн ургамал, 3.1 цн тосны ургамал тус тус хураан аваад байна. Аж ахуйн нэгж, иргэд 388.9 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэсний 108.1 мянган га талбайг нь дэвшилтэт технологиор боловсруулсны зэрэгцээ дараа оны тариалалтад зориулан 45.5 мянган тонн үр нөөцөлсөн байна.

Хураан авсан ургацын тоон мэдээллээс авч үзвэл, газар тариаланчид сүүлийн 25 жилд гурван удаа 460,0-аас дээш мянган тонн буудай хураан аваад байна. Тухайлбал 2012 онд 461,8 мян тн, 2014 онд 489,4 мян тн, 2016 онд 460,8 мянган тн тус тус хураан авсан. Тариаланчдад учирч буй санхүүгийн дарамтыг багасгах, төлөвлөсөн хэмжээндээ тариалалт хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан нийтдээ 345 аж ахуйн нэгж, иргэнд 12.1 мянган тонн улаанбуудайн үр, 814 аж ахуйн нэгж, иргэнд онцгой албан татваргүй үнээр 4.1 мянган тонн шатахуун зээлээр олгосон.

Буудайн үрийн чанар, хангамжийг сайжруулах зорилгоор 6.5 мянган тонн үрийн буудай импортоор авч, 146 аж ахуйн нэгжид 30 хувийн урьдчилгаатай зээл олгожээ. Энэ жилийн ургацаас гурилын үйлдвэрүүд 258.3 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих сан 64.9 мянган тонн, нийтдээ гурил үйлдвэрлэлд 323.2 мянган тонн буудай хүлээн авч, борлуулалтын шатандаа 37.9 мянган тонн буудай байгаа мэдээтэй байна.

МАА-н салбарт энэ өвөл 60.8 сая, хонин толгойд шилжүүлснээр 100.4 сая толгой мал өвөлжинө. Бэлчээрийн даац нийт нутгийн 80.0 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 20.0 хувь нь хүрэлцээ муутай байгаа. Малчид, малчин өрхүүдийн хувьд 1.1 сая тн өвс, 35.8 мянган тн сүрэл, 22.3 мянган тн ногоон тэжээл, 27.1 мянган тн үйлдвэрийн тэжээл, 38.1 мянган тн гар тэжээл, 8.0 мянган тн дарш, 105.6 мянган тн давс, хужир бэлтгээд байна. Тус салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг дүгнэхэд улсын хэмжээнд 82.8 хувьтай хангасан дүн гарч байна" хэмээн мэдээлэв.

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулж УИХ дахь АН-ын бүлгээс гаргасан дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат уншиж танилцуулсан юм. Тус бүлгийн дүгнэлтэд энэ өвөл хүндрэл чамгүй гарч болзошгүй гэдгийг дурдаад хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн гарз багатай даван туулахад бидний хүчин чармтайлт, ялангуяа Засгийн газар, Улсын онцгой байдлын комиссын үүрэг оролцоо их хэмээн тэмдэглэсэн байна.

Түүнчлэн зөвхөн өвлийг өнтэй давах асуудлыг ярихаас гадна цаашлаад ХАА-н салбарын хөгжлийг оюуны хөгжил, иноваци, тэргүүний техник, технологийн ололт амжилтад тулгуурлан хөгжүүлэх талаар бид ярих ёстой. Бодит үр дүн гардаг ажил хийхэд тань УИХ дахь Ардчилсан намын бүлэг таныг болоод танай Засгийн газрыг дэмжиж, хамтран ажиллах болно. Гэхдээ явган улстөржилт, утга үндэслэлгүй томилгоо, эдийн засгийн бодлогогүй байдал чинь энэ улс орныг улам хүнд байдалд оруулж байна гэдгээ анхаарах хэрэгтэй хэмээн АН-ын бүлэг дүгнэжээ.

Б.Туул

 

 

 

 

 

 

相关新闻