Рубенсийн алдагдсан бүтээлийг үнэ хаялцуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ВЕРСАЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /AP/. Барокко урлагийн мастер Петер Паул Рубенсийн дөрвөн зууны турш олны нүднээс далд байсан алдагдсан бүтээл ням гарагт Версаль хотод болсон дуудлага худалдаагаар 2.3 сая еврогоор /2.7 сая ам.доллар/ зарагджээ.
Есүс Христийг цовдлогдсон байгаагаар дүрсэлсэн уг бүтээлийг
саяхан Парисын нэгэн хувийн байшингаас
олсон байна. Энэхүү зургийг Рубенсийн олон урлангийн нэгээс олдсон гэж
үзэж байгаа ажээ. Уг урлагийн бүтээлийн үнэ 10 мянган еврогоос дээш үнэлэгдэх
нь ховор тохиолдол байсан гэнэ.
“Би энэхүү бүтээлийн талаар тэр даруй таамаглал дэвшүүлж, түүнийгээ
баталгаажуулахын тулд чадах бүхнээ хийсэн. Эцэст нь бид Антверпен дэх Рубенсийн
хороо болох Рубенианумаар баталгаажуулж чадсан” гэж дуудлага худалдааны
мэргэжилтэн Жан-Пьер Осенат “Associated Press” агентлагт ярьжээ.
Рубенсийн талаарх судалгаагаараа алдартай мэргэжилтэн Нильс
Бюттнер дуудлага худалдааны өмнө хэлэхдээ, уран бүтээлч Есүс Христийн цовдлогдсон
зургийг зурдаг байсан боловч “түүнийг загалмай дээр үхсэн байдалтайгаар” дүрсэлсэн
нь тун ховор тохиолдол хэмээн тайлбарласан байна. “Тиймээс энэ бол Христийн
хажуу талын шархнаас цус урсаж байгааг харуулсан цорын ганц зураг бөгөөд энэ
бол Рубенсийн зөвхөн ганцхан удаа зурсан зураг юм” гэж тэрбээр хэлжээ.
“Осенат” дуудлага худалдааны ордон уг зургийн жинхэнэ
байдал, гарал үүслийг шинжлэх ухааны дүн шинжилгээгээр баталгаажуулсан гэж
мэдэгдсэн байна. Будгийн давхаргуудыг бичил дуран авайгаар шалгахад бие махбодыг
төлөөлсөн хэсэгт цагаан, хар, улаан пигментүүд төдийгүй Рубенс хүний арьсыг
зурахдаа ихэвчлэн ашигладаг цэнхэр, ногоон өнгийн пигментүүд илэрчээ.
Урлагийн мэргэжилтэн Эрик Туркиний ярьснаар, уг зураг
1600-аад оны эхээр алга болсон байна. XIX зууны үеийн Францын сонгодог зураач Уильям Бугеро гэр бүлийнхэндээ өвлүүлэхээсээ өмнө эзэмшиж байсан нь тэмдэглэгдэн үлдсэн байдаг ажээ.
Ulaanbaatar