Нэн ховор амьтныг хамгаалах талаар ярилцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2025-12-01 15:44:31

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын талуудын 20 дугаар хуралд БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжиннямаар ахлуулсан мэргэжилтнүүд оролцож байна.


Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотод 11 дүгээр сарын 24-нөөс 12 дугаар сарын 5-нд үргэлжилж буй хурлын үеэр манай мэргэжилтнүүд Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц (CITES)-ын Нарийн бичгийн дарга нарын газрын үндэсний хууль тогтоомжийн асуудал хариуцсан ажилтан Томас (Thomas DELEUIL)-тай уулзаж, Монгол Улсын Ховордсон амьтан, ургамал тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар мэдээллж, санал солилцсоныг БОУАӨЯ мэдээллээ.


Мөн Байгаль зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Олон улсын бодлогын дэд ерөнхийлөгч Сюзан (Susan Liebermen), АНУ-ын Загас, зэрлэг амьтдын алба (U.S Fish and WildLife service)-ны захирал Брайн (Brian R Nesvik), мөн ОХУ-ын Улсын Экологи, байгаль орчны яам, Европын холбоо, Казакстан Улсын Ойн аж ахуй, ан амьтны хорооны төлөөлөлтэй уулзаж, татар бөхөн, монгол бөхөнгийн судалгаа, хамтын ажиллагаа, менежмент болон дэвшилтэт технологи ашиглан бүртгэж тэмдэглэх, цахим бүртгэлийн талаар мэдээлэл солилцож, нэн ховор амьтны хамгаахад хамтран ажиллах тухай ярилцжээ.


Тус хурал нь 50 жилийн ойтой давхцаж, Төв Азийн орнуудаас Торгоны зам Узбекистан Улсын Самарканд хотод анх удаа байгаа юм. Энэ удаагийн чуулган нь дэлхийн 180 гаруй улсыг нэгтгэн, зэрлэг ургамал, амьтны аймгийг хамгаалахад гарсан ололт, тулгамдсан асуудал, ирээдүйн шийдвэрийг хэлэлцэх боломж бүрдүүлж байна. CITES-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ивоне Хигуэро (Ivonne Higuero) “Самарканд нь улс хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны бэлгэдэл, CITES-ийн үнэт зүйлсийн илэрхийлэл болж байна. Бид зэрлэг амьтан, ургамлын олон төрөл зүйлийг олон улсын худалдаанаас үүдэх аюулаас хамгаалж ирсэн хагас зууны уйгагүй хөдөлмөрийг үнэлж байна, энэ зарчим 1975 онд ямар чухал байсан шигээ өнөөдөр ч хэвээрээ, магадгүй илүү үнэтэй” байх болно хэмээн онцолжээ.



Талууд хурлын үеэр CITES-ийн хавсралтыг өөрчлөх саналыг хэлэлцэн, биологийн олон янз байдлын зүйлийн хамгааллын менежмент, хууль сахиулах хамтын ажиллагааг бэхжүүлэх,  CITES-ийн стратегийн алсын хараа 2030-ыг хэрэгжүүлэх, үндэсний хууль тогтоомжийг сайжруулах, хамгаалалд сөргөөр нөлөөлж буй хууль эрх зүйн орчныг сайжруулах тухай хэлэлцэж байна.


Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдааг зохицуулах тухай конвенц (CITES)-ыг 1973 оны гуравдугаар сарын 3-нд баталж, 1975 оны долоодугаар сарын 1-нд хүчин төгөлдөр болжээ.


Тус конвенцид 184 орон нэгдэн орсон бөгөөд зэрлэг амьтны хууль бус, зохицуулалтгүй худалдааг багасгах, устаж болзошгүй зүйлийг хамгаалах үүрэг хүлээдэг. Конвенц нь зэрлэг амьтан, ургамлын олон улсын худалдааг тогтвортой, хяналттай байлгах, ховор, устах аюултай зүйлийг хэт ашиглахаас хамгаалах, улс орнуудын хоорондын хамтын ажиллагааг бий болгож, хууль бус худалдааг багасгах зорилготой ажээ.

 

相关新闻