“Монгол бахархлын өдөр”-ийг Тегеран хотноо анх удаа тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-11-24 13:44:18

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Исламын Бүгд Найрамдах Иран Улсад суугаа Өргөмжит консул Арман Мухаггех Их Эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой болон “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Ираны нийслэл Тегеран хотноо энэ сарын 21-нд хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулав.


Тэрбээр нээлтийн үеэр хэлсэн үгэндээ ирэх онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой, Ил хаант улс байгуулагдсаны 770 жилийн ойг тохиолдуулан Иран Улсад соёлын үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж буйгаа илэрхийлэв. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахимаар баярын мэндчилгээ дэвшүүлж, хоёр улсын түүхэн найрсаг харилцаа, соёлын хэлхээ холбоо болон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэвшлийг онцлов.


Хүлээн авалтад Иранд суугаа олон улсын байгууллагууд, дипломат корпус, бизнес эрхлэгчид болон монгол иргэдийн төлөөлөл оролцов. Энэхүү арга хэмжээ нь Их Эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой болон монгол түмнийг эв нэгдэл, бахархлаар нэгтгэдэг “Монгол бахархлын өдөр”-ийн утга учрыг гадаад орчинд тод томруунаар таниулж, Монгол–Ираны уламжлалт найрсаг харилцааг улам бэхжүүлсэн үйл явдал боллоо гэж ГХЯ-наас мэдээллээ.


 

相关新闻