ХОВД: “Баялаг бүтээгч” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-11-24 14:11:45

Жаргалант, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Ховд аймагт бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхээр "Баялаг бүтээгч" хөтөлбөр хэрэгжүүлж байна.  


Уг хөтөлбөр 2027 он хүртэл үргэлжилнэ.

Баялаг бүтээгчдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх төсөл хэрэгжүүлэхээр Ховд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Энэ хүрээнд “Бизнесийн таатай орчин бүрдүүлж, баялаг бүтээгчдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг Ховд аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар баталсан юм.

Аймгийн Засаг дарга энэ онд банкны төлөөллүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Улмаар “Баялаг бүтээгч” хөтөлбөрийн хүрээнд одоогийн байдлаар арилжааны банкнаас 16 иргэн, аж ахуйн нэгжид 2 тэрбум 380 сая төгрөгийн зээл олгожээ. 

Мөн 10 аж ахуйн нэгжид жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 875.4 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байна. 

Түүнчлэн Буянт, Мянгад, Жаргалант, Эрдэнэбүрэн, Булган, Ховд, Алтай, Манхан, Дарви сумын хоршоо хөгжүүлэх сангаас 32 хоршоонд 815.6 сая төгрөгийн зээл олгосноор 37 ажлын байр шинээр нэмэгдэж, 45 ажлын байр хадгалжээ.

“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд арилжааны банкаар дамжуулан 2024-2025 онд  Ховд аймгийн 17 сумын 775 хоршооны 2262 малчин 73.5 тэрбум төгрөгийн зээл авсан байна. 

Мөн “Атар-4” аяны хүрээнд 52 иргэн, аж ахуйн нэгжид 4 тэрбум 307 сая төгрөгийн зээлийг арилжааны банкаар дамжуулан олгосон тухай Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас танилцуулав.

相关新闻