Д.Баасансүрэн: Оторлож буй аймагтаа бичиг баримтаа бүртгүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээ авна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн зун төв болон баруун аймгийн нутгаар гандуу байснаас өвөлжилт хүндрэх төлөв гарсан. Малчид өвлийн бэлтгэлээ хэр хангасан талаар ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга Д.Баасансүрэнтэй ярилцлаа.
-Нийт нуутгийн 70 орчим хувь нь цастай мэдээлэл байна. Цас дахин цас ороход бэлтгэлээ хэр базаасан бэ?
-УОШГ, ОБЕГ, ХХААХҮЯ-ны хамтарсан мэргэжлийн ажлын хэсэг өвөл,
хаврын эрсдэлийг маш эрт, хавар мал шинэ ногоо идсэн байдал, тарга тэвээрэг, зуншлага,
гангийн нөхцөл байдлыг үнэлдэг. Нийт нутгийн 40 орчим хувь нь гантай үнэлгээ гаргасан. Зудын эрсдэлийг тооцохдоо 330 суманд гангийн үнэлгээ,
өвөлжилт, мал, малчин өрхийн тоо, нийгэм эрүүл мэндийн хүртээмж, өвс тэжээлийн
нөөцийг гаргасан. Тухайлбал, зуншлага муу, гантай байсан Баян-Өлгий,
Ховд, Увс аймгийн нутагт зудын эрсдэл их байна. Хангайн бүсэд 10, 11
дүгээр сарын төлөв харьцангуй гайгүй байсан ч цас эрт орсноор эрсдэлтэй
аймаг сумын тоонд орчихлоо. ЦУОШГ-ын мэдээллийг харахад 12 дугаар сард төв,
зүүн аймгийн нутгаар -30 градус хүрч, олон жилийн дунджаас илүү хүйтрэх, хур
тунадас ч ахиу унах төлөвтэй. Хүйтний эрч I, II сард баруун
тийш чиглэж, хангай, төв, баруун бүсийн аймгуудаар олон жилийн дунджаас илүү хүйтэрч,
хур тунадас ахиу орох төлөв байгаа.
-Энэ онд хэчнээн сая толгой мал өвөлжих вэ? Отор нүүдлийг
яаж зохицуулж байгаа вэ?
-Улсын хэмжээнд 211 мянган малчин өрхийн 65 сая толгой мал
өвөлжих тооцоо бий. Хонин толгойд шилжүүлбэл 110 сая мал юм. Өнгөрсөн
онд 56.7 сая толгой мал тоолуулсан бол хавар 20 сая төл авсан. Төллөсөн төлөө
нэмээд, зах зээлийн хэрэгцээнд зориулсан 14 сая малаа хасахаар 65 орчим сая
болж байгаа юм. Гадаадын зах зээлд 168 мянган кг мах борлуулах зорилго тавьсан
нь 50 хувьтай байгаа.
-Их цас унасан үед зам, даваанууд хаагддаг шүү дээ. Энэ үед ажиллуулах техник хэрэгслээ хэр хангасан бол?
-ЦУОШГ-ын хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сард
Хөвсгөлийн хойд сумдаар, Завхан, Ховд, Баянхонгор, Увсад их хэмжээний цас унасан.
Дундговь, Өвөрхангай, Архангай аймагт ч цас их орлоо. Нийт нутгийн 68 хувьд нь 5-10
см зузаан, зарим газраа 20 см хүртэл цас орж мал бэлчих нөхцөл бололцоо тааруу
байна.
Улсын хэмжээнд баруун бүсийн нутгаар нийт цас их орсон үед
боогддог, өндөр уулсын 80 орчим даваа, гүвээг тэмдэглэж, том машин техникүүдээ бэлдсэн. Зүүн аймгууд гайгүй байх нь гэж болохгүй, Хэнтий, Сүхбаатар,
Дорноговь, Дорнод аймгийн малчид хашаа хороогоо бэлдэх хэрэгтэй. Энэ жил 80
орчим мянган хот айл өвөлжихөөс 16 600 орчим өрхийн 5.4 сая малыг өөрийн болон
бусад аймгийн нутагт оторлуулна. Хилийн зурвас, байгалийн тусгай хамгаалалттай
бүсэд мал өвөлжүүлэх зөвшөөрөл авч зохицуулсан байгаа.
-Улсын хэмжээнд өвс, тэжээлийн хангамж хэр байна вэ?
-Өвс тэжээлийн аюулгүйн нөөцийн бүрдүүлэлтийн хувьд тухайн
аймгийн нийт малын 5, сумын малын 10 хувийг 30 хоног хүртэл тэжээх нөөц бүрдүүлэх ёстой байдаг. Өвсөө сайн базаасан ч тэжээлийн нөөц бага
байгаагаас үнэ нэмэгдэх магадлалтай. Одоогоор зүүн аймагт өвс боодол 6 мянган
төгрөг байгаа бол тээвэрлээд хангайн бүсэд хүргэхэд 10-15, баруун аймагт 23
мянган төгрөг болж байна. Иймд малчид онд орохгүй малаа ахиухан бойлж, зах зээлд
нийлүүлэн, өвс тэжээл худалдан авах мөнгөө хадгалах хэрэгтэй.
-Нөөцөө бүрдүүлэхийн тулд хэрхэн уялдаа холбоотой ажиллаж
байна вэ?
-Баруун аймгууд Боршоо, Цагааннуур гэх мэт боомттой учир ОХУ-аас тэжээл импортоор авах нөхцөлийг хангаж байна. “Улаанбаатар гурил”, “Өег”, “Өгөөж”
гурилын үйлдвэртэй нөөц нэмэхээс гадна бүх аймагт гэрээтээр тэжээл нийлүүлэхэд анхаарч байна. Цас
их орсон үед иргэд өвс тэжээлээ авах
унаа олдохгүй, аймгийн төв рүү ч орж чаддаггүй. Иймд малчид өвс тэжээлээ татах унаагаа бэлдэж, тарилга
туулга хийлгэх, машин техникээ хангах, сургуулийн насны хүүхдээ аль
болох сумын төвд үлдээх, отроор авч явахдаа анхаарах, бусад аймгийнхан малчдыг найрсаг хүлээн авч бэлчээрээ хувааж зудыг давна гэдгийг аймаг, сумын удирдлагууд
анхаарах хэрэгтэй.
-Баруун төв, зүүн бүсийн цас ихтэй аймагт цас нэмж орвол байдал илүү хүндрэх нь ээ дээ?
-Одоогоор цастай их унасан баруун, төв, зүүн бүсийн аймгуудад цас нэмж орсноор байдал хүндрэх магадлалтай. Эргээд дулаарахад мөсөн зуд болох, цас их үед мал бэлчих боломжгүй
болно. Малаа бэлчээрт гаргахгүй нэмэгдэл
тэжээлээр тэжээх шаардлага гарна. Үүнийг
зөв зохицуулах хэрэгтэй.
-Аймаг
орон нутгийнхан онцгой нөхцөл
байдалд бэлтгэлээ хэр хангасан бэ?
-Өмнөх
жилүүдийг бодоход аймгуудын бэлтгэл харьцангуй гайгүй ч баруун
аймгуудаас УОК-т хүсэлт ирүүлж байна. Малчид хадлангаа сайн базааж, сум бүр тэжээлийн агуулахуудаа тордож янзалжээ. Аймгуудын удирдлага хоорондоо сайн менежмент хийгээд, өвсөө зүүн аймгуудаас татаж
байна. Зарим нь ХХААХҮЯ-ны биржтэй
хамтран, малчдын мал махыг борлуулахыг дэмжиж байна.
-Малчид тэр тусмаа
отор нүүдэл хийж яваа хүмүүст эрүүл мэндийн үйлчилгээг хэрхэн хүргэх вэ?
-Засгийн газар, УОК-оос эмнэлгийн машины хангамж, хүртээмжийг сайжруулсан. Хөдөө орон нутаг болон отроор өвөлжиж
буй малчдад эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэх нь сайжирсан. Сум, аймаг дундын отрын өрхүүдэд эмнэлгийн үзлэг хийхээр эрүүл мэндийн хөдөлгөөнт
багуудыг бэлэн байлгаж байгаа. Өвөлжилт хүндэрсэн нөхцөлд төвөөс
шуурхай багуудыг томилж ажиллуулах нөхцөл бүрдүүлсэн. Гол нь иргэд эмнэлгийн үйлчилгээ
авахын тулд бичиг баримтаа бүрдүүлж, тухайн аймаг,
нутагтаа бүртгүүлэх хэрэгтэй. Хүлээж
авч буй аймаг эмнэлгийн үйлчилгээг бүрэн үзүүлэх үүрэг
хүлээж байгаа тул заавал бүртгүүлэх
шаардлагатай.
-Малчдад цаг
агаарын урьдчилан сэргийлэх мэдээг хэрхэн шуурхай хүргэж байна вэ?
-Цаг агаар гэнэт
муудахад сэрэмжлүүлэг хүргэдэг. Одоогоор
И-монголиа-д харанга дохио, зурагт радио, олон нийтийн мэдээллийн сувгаар,
мөн гар утсанд нь зурвас хүргэж байна. Малчид харцангуй бүгд ухаалаг утастай болсон. Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг хүлээн
аваад, 2-3-хан өдрийн цас, шууганд аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхдийг аль болох малд явуулах байхад анхаармаар байна.
-Сүүлийн үед гол,
нууран дээгүүр зорчиж цөмөрсөн дуудлага их ирэх болсон. Хэдийд тээврийн
хэрэгсэл зорчих хэмжээнд хүрэх вэ?
-Цаг агаараас
хамаараад жил бүр мөсний зузаан өөр байдаг. Ер нь гол, нуурын мөс 20 см-ээс гүн болох үед зорчиж болно. Энэ жил гэхэд 11 дүгээр сард дуудлага
тасрахгүй байна. Мөсөн бүрхүүл сайн
тогтоогүй тул зорчихгүй байхыг анхааруулж байна.
Ulaanbaatar