Ахмад настны урт хугацааны тусламжийн тогтолцоог бүрдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-11-18 15:58:02

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкнаас ”Ахмад настанд үзүүлэх тусламж, үйлчилгээ, тогтолцоог хөгжүүлэх нь” техник, туслалцааны болон буцалтгүй тусламжийн төслийг Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж эхэллээ.


Төслийн хүрээнд ахмад настны урт хугацааны тусламжийн санхүүжилт, бодлого үйлчилгээний талаар олон улсын туршлага, зарчмыг танилцуулах уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулав.


Манай улсад хүн амын дундаж наслалт 2024 оны байдлаар 71.8 -д хүрч, 2000 оны түвшинтэй харьцуулахад 8.6 насаар нэмэгдсэнийг ГБХНХЯ мэдээлсэн юм. 


Хүн ам насжихын хэрээр төрийн бодлого, нийгмийн үйлчилгээг насжилтыг угтсан төлөвлөлтөд чиглүүлэх хэрэгцээ шаардлага үүсэж байна. Иймд дээрх төслийн хүрээнд Монгол Улсад Ахмад настны урт хугацааны тусламжийн тогтолцоог бүрдүүлэх судалгаа хийж, замын зураглал гаргах, хууль эрх зүйн орчныг сайжруулах, санхүүжилтийн тогтолцоог оновчтой болгохыг дэмжих, хот, хөдөөгийн 7 төвийг тоног төхөөрөмжөөр хангах, олон улсын туршлагаас суралцах, чадавх бэхжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах юм.



Энэ сургалт, хэлэлцүүлэгт ГБХНХЯ, түүний харьяа агентлагууд, АХБ-ны төсөл хариуцсан мэргэжилтэн, олон улсын болон дотоод зөвлөхүүдээс гадна холбогдох яамд, Ахмадын холбоо, Грентлогийн төв, эрдэм шинжилгээний байгууллага, асрамжийн газар, бусад үйлчилгээ үзүүлэгч байгууллагын төлөөлөл оролцжээ. 

相关新闻