40 жилийн өмнө барьсан эмнэлгийн барилга шаардлага хангахааргүй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-11-17 16:48:19

Баян-Өлгий аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч О.Лхагважав, С.Арман нар аймгийн нэгдсэн эмнэлэгт хийсэн шалгалтынхаа дүнг нийтэд танилцууллаа.

Тус эмнэлгийнхэн өмнө нь улсын байцаагчдаас өгөгдсөн албан шаардлагын тавыг биелүүлээгүй, ёс зүйн хороо нь олигтойхон ажил зохиосонгүй, эмчилгээний салбар хороо ажилласангүй тул 400 мянга орчим төгрөгийн торгууль тавьсан байна. Орчин үеийн эмнэлгийн стандарт гарахаас өмнө 1975 онд барьж байгуулсан эмнэлгийн байгууламж хуучирсны улмаас дотоод эмийн сан болон ариун цэврийн өрөөнүүдийн эрүүл ахуй, ариун цэврийн өрөөнүүдийн байдал, дотоод хяналт доройтсон, агаар солих систем муудсан байна.

Оны эхний есөн сард аймгийн хэмжээнд 0-5 насны дал орчим хүүхэд эндсэний ихэнх нь томуу, томуугийн шинжтэй, улаан бурхан болон суурь өвчин, хавсарсан эмгэгнээс шалтгаалсан, хүүхдийн эмчийн хүрэлцээ муутай, эцэг эхчүүд нь хугацаа хожимдуулж байж эмнэлэгт хандсан зэргээс шалтгаалсан гэсэн дүгнэлт гаргасан байна.

Ш.Айзаря

相关新闻