Туркийн цэргийн албан хаагчид Германаас улс төрийн орогнол хүсчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /Sputnik/. Германы баруун өмнөд нутгийн Рейнланд-Пфальц муж дахь НАТО-гийн баазад байрласан Туркийн олон тооны цэргийн албан хаагч гэр бүлийнхний хамт улс төрийн орогнол хүссэн тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Тус мужийн Кайзерслаутерн хотын албаны хүний мэдэгдсэнээр, “нэг бус хүн” ийм хүсэлт гаргажээ.
Яг хэдэн цэргийн албан хаагч Германаас улс төрийн орогнол хүссэн нь тодорхойгүй байна. Гэхдээ өнгөрсөн долдугаар сард төрийн эргэлт хийх оролдлого болсонтой холбоотойгоор Анкарагийн явуулж байгаа ажиллагаа нь тэднийг ийм хүсэлт гаргахад хүргэсэн бололтой.
Рейнланд-Пфальц муж дахь АНУ-ын агаарын цэргийн хүчний Рамштайн баазад байгаа хэдэн зуун цэргийн 40 орчим нь Туркийн цэргүүд ажээ.
Энэ оны долдугаар сарын 15-нд Туркэд цэргийн эргэлт хийхийг оролдох үеэр 240 гаруй хүн амь үрэгдэж, 2000 орчим хүн шархадсан билээ. 1999 оноос хойш АНУ-ын Пенсильвани муж улсад амьдарч байгаа лалын шашны номлогч Фетулла Гуллены хүмүүс цэргийн эргэлт хийхийг оролдсон гэж Анкара үзэж байгаа юм.
Цэргийн эргэлт хийхийг оролдсоноос хойш нийтдээ 32 мянган хүн, тэдний дотор цэргийн албан хаагчид, төрийн албан хаагчид, шүүгч болон багш нарыг Ф.Гулленыг дэмжигчид гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлөөд байна.
Г.Доржханд