Цаг уурын өөрчлөлтийн улмаас цаа бугын тоо толгойд аюул нүүрлэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНМОСКВА. /Sputnik/. 2006-2013 оны хооронд Оросын хойд туйлын бүс нутгууд дахь хүний буруутай үйлдлээс үүдсэн цаг уурын өөрчлөлтийн үр дүн болох дэлхийн дулаарлын нөлөөнд хэдэн арван мянган цаа буга автаж хорогджээ.
Энэ жил ч мөн адил цаг уурын өөрчлөлт ихээр нөлөөлж байгаа бөгөөд ОХУ-ын цаа бугын аж ахуй гамшгийн байдалтай нүүр тулаад байгаа аж. Арктикийн бүс нутгуудад оршин суудаг оросуудын тэжээмэл амьтан болох цаа бугын тоо толгой 2006-2013 онуудын хооронд ихээр хорогдоод байгаа шалтгаан нь дэлхийн дулаарлын нөлөө юм.
Энэ хугацаанд 80 мянга орчим цаа буга үрэгдсэн бөгөөд мөн үлдээд байгаа 270 мянга орчим тоо толгойд аюул тулгараад байгаа юм. 2006-2013 онуудын намар буюу жил бүрийн энэ цаг үеэр далайн мөс хөлдөж, зузаарч эхэлдэг байтал харин эсрэгээрээ хайлж эхэлсэн нь усны ууршилтын түвшинг ихэсгэж, далайн эргээр хүчтэй салхи дэгдэх системийг бүрдүүлжээ. Уг хүчтэй салхи нь үүлийг өмнө зүгт буюу уугуул малчдын цаа бугаа хариулдаг бүс рүү хөөх шалтгаан болдог.
Ийнхүү ихэвчлэн -40 градусын хүйтэн байдаг тус цастай бүсэд бороо орж цастай газрын гадаргууг хөлдүү мөсөөр хучсанаар цасан доороос өвс олж иддэг цаа бугын хувьд идэш тэжээлээ олоход хэцүү болж өлбөрч үхэхэд хүргэж байгаа юм хэмээн Финландын Рованими хотын Лапландын их сургуулийн багш Брюс Форбес мэдэгдсэн юм.
Энэ жил Арктикийн далай мөсөөр хамгийн бага хучигдсан гэсэн үзүүлэлтээр түүхэндээ хоёрт орж байгаа бөгөөд цаа бугануудын хувьд дахин аймшигт өлсгөлөнтэй нүүр тулах төлөвтэй байна.
Цаа бугыг олноор хөнөөж буй өлсгөлөнгийн хажуугаар уугуул иргэд энэ жил малын халдварт боом өвчний дэгдэлтийг даван туулахын тулд мөн тэмцэж байна. Мал амьтанд бактерийн халдвараар маш хурдан тархдаг малын халдварт боом өвчин нь хүмүүст мөн халддаг билээ.
Тус бүсэд уг үхлийн аюултай өвчний улмаас нэг хүүхэд нас барж 90 хүн эмчилгээ хийлгэсэн нь орон нутгийн удирдлагууд цаа бугын сүргийг вакцинжуулах мөн халдвар авсан цаа бугануудыг яаралтай устгах зарлиг гаргахад хүргэжээ.
Х.Сарнай