Б.Обама Германд айлчиллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-11-17 10:49:14

БЕРЛИН. /ВВС/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама албан тушаалаа өгөхөөсөө өмнө Европт сүүлийн айлчлалаа хийж байна. Энэ айлчлалын хүрээнд тэрбээр Германд зочилжээ.

Тэрбээр Германы Канцлер Ангела Меркельтэй хамтарсан мэдэгдэл хийхдээ, дэлхийн эдийн засаг урьд өмнөхөөсөө илүү хурдан хөгжиж байгаа учир хамтын ажиллагаа нэн чухал гэдгийг онцлов.

Б.Обама Германд айлчлахаасаа өмнө Афинд айлчилж, орчин үеийн ардчилалд ямар аюул, заналхийлэл тулгараад байгаа тухай өөрийн санал бодлоо илэрхийлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трамп олон улсын худалдааг эсэргүүцсэн хандлагатай байгаатай холбогдуулан Б.Обама, А.Меркель нар олон улсын худалдааг хамгаалах хатуу чиг хандлагатай байгаагаа мэдэгдлээ.

“Даяаршлын энэ эринд дэлхий дахинд буцах зам гэж байхгүй. Бид компаниуд, иргэд, дэлхий дахины өмнө хамтын ажиллагаа өргөжүүлж, гүнзгийрүүлэх үүрэг хүлээсэн” гэж хоёр удирдагч мэдэгдэлдээ дурдлаа.

Мөн тэд АНУ болон ЕХ хооронд Атлантын далай дамнасан худалдаа, хөрөнгө оруулалтын түншлэлийн хэлэлцээр байгуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Харин Д.Трамп ийм төрлийн олон улсын худалдааны хэлэлцээрүүдийг эрс буруушааж, ЕХ-ноос гарах Их Британийн шийдвэрийг дэмжсэн билээ.

Б.Обама Афинд айлчлах үеэрээ, өнөө үед өсөн нэмэгдэж буй тэгш бус байдлыг арилгахад нэн шаардлагатай “шударга бус мэдрэмж”, “залруулга” гэдэг зүйлийг даяаршил бий болгосон гэж хэлсэн байна.

Мөн тэрбээр, “бид баян чинээлэг хүмүүс, том корпорациуд болон дэлхий элитүүдийг харахаар тэд өөр дүрмээр, татвараас зайлсхийж, хуулийн цоорхой ашиглан амьдарч байгаа мэт харагддаг. Энэ байдал шударга бум мэдрэмжийг улам бүр гүнзгийрүүлдэг" гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

相关新闻