Д.Бекхэмд "Хүлэг баатар" цол хүртээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Reuters/. Их Британийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг Дэвид Бекхэмд олон арван жилийн турш спорт ба буяны үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн хаан III Чарльз Виндзор цайзад мягмар гарагт "Хүлэг баатар" /рыцарь/ цол хүртээлээ.
Өдгөө 50 настай, Английн хөл бөмбөгийн шигшээ багийн ахлагч асан Бэкхэм хөл бөмбөгт оруулсан хувь нэмрээ үнэлүүлэн хааны одон хүртсэнээс хойш 20 гаруй жилийн дараа энэхүү өндөр цолыг хүртэж байна. Хааны гэр бүлийг насан туршдаа шүтэн биширч ирсэн Д.Бекхэм өөрийн эхнэр, загвар зохион бүтээгч, “Spice Girls” хамтлагийн гишүүн асан Викториа Бекхэмийн зохион бүтээсэн хослолыг өмссөн байлаа.
Тэрбээр ёслолын үеэр Чарльз хаантай халуун дулаан яриа өрнүүлж, хаан түүнтэй ярилцаж байхдаа инээмсэглэж байгаа нь харагджээ. Д.Бекхэм хүлэг баатар цол хүртэж байгаагаа анх мэдээд нулимс дуслуулсан талаараа ярьсан байна. “Надад ийм онцгой хүндэтгэл үзүүлсэнд миний бие маш их баяртай байна. Би Лондоны зүүн дүүрэгт эгэл жирийн гэр бүлд төрж өссөн бөгөөд мэргэжлийн хөл бөмбөгчин болохыг үргэлж мөрөөддөг байлаа, харин одоо би Виндзор цайз дотор зогсож байна” гэж тэрбээр хэлээд “үүнээс илүү сайхан зүйл гэж үгүй” хэмээн нэмж хэлжээ.
Д.Бекхэм дадлагажигч тоглогч болсноосоо хойш хоёр жилийн дараа буюу 1995 онд “Манчестер Юнайтед”-ын бүрэлдэхүүнд Премьер лигт
анхны тоглолтоо хийж байлаа. Тэрбээр энэ багт тоглохдоо зургаан лигийн
аварга, хоёр удаа Английн цомд, Аваргуудын лигт түрүүлж, дараа нь “Реал Мадрид”, “Лос-Анжелес
Галакси”, “АС Милан”, “Пари Сен-Жермен” багуудад хүчин зүтгэж байв. Тэрбээр Английн
шигшээ багийн бүрэлдэхүүнд 115 тоглолтод
оролцсоныхоо дараа 2013 онд зодог тайлсан билээ.
Оновчтой чөлөөт цохилт, дамжуулалтын чадвараараа
алдартай Д.Бекхэм өөрийн үеийн хамгийн өндөр орлоготой тамирчдын нэг болсон
юм. Тэрбээр “Adidas”, тансаг зэрэглэлийн “Armani” брэндээс гадна “H&M”, “Pepsi”
зэрэг брэндүүдтэй хамтран ажиллаж байсан бөгөөд 2005 оноос хойш НҮБ-ын Хүүхдийн
сангийн сайн санааны элчээр ажиллаж байна. 2025 оны “Sunday Times” сонины
баячуудын жагсаалтад Д.Бекхэм болон түүний эхнэрийн нийт хөрөнгө 500 сая фунт
стерлингээр /671 сая ам.доллар/
үнэлэгджээ.
Д.Бекхэм мөн хааны гэр бүлийг биширч, өөрийгөө “хаант засгийг дэмждэг хүн” гэж тодорхойлсон байдаг. 2022 онд Д.Бекхэм Вестминстер сүмд хатан хаан II Элизабетийг оршуулах үед хүндэтгэл үзүүлэхийн тулд дараалалд зогсохгүй байх саналаас татгалзаж, 12 цаг гаруйн турш дараалалд зогсож байжээ. “Би хаант засгийг дэмжигчдийн гэр бүлд өссөн. Хэрэв өвөө эмээ маань өнөөдөр амьд сэрүүн байсан бол тэд энд байх байсан” гэж тэрбээр тухайн үед ITV телевизэд ярьж байлаа. Бекхэм 2011 онд хунтайж Уильям, Кейт Миддлтон нарын хурим, 2018 онд хунтайж Харри, Меган Маркл нарын хуримын ёслолд оролцсон юм. Өнгөрсөн жил Бекхэм боловсрол, тогтвортой хөгжлийн санаачилгыг дэмждэг Хааны сангийн элчээр томилогджээ.
Тэрбээр 1999 онд поп урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Spice
Girls” охидын хамтлагийн гишүүн, “Posh Spice” гэгддэг Викториа Адамстай гэрлэсэн
юм. Өдгөө дөрвөн хүүхэдтэй тэд “Netflix”-ийн хоёр баримтат кинонд амьдралынхаа талаар илэн далангүй ярьсан байдаг. Энэхүү цувралд алдар нэрийг даган ирэх
дарамт, гэр бүлийн маргаан, Д.Бекхэмийн тамирчны замналд тулгарч байсан
бэрхшээлүүд, түүний дотор шар хэвлэлээр цацагдаж байсан мэдээллүүд, Бекхэм шилжин тоглож байснаас үүдэн тус тусдаа өнгөрүүлсэн цаг хугацааны талаар дурсан ярьж байв. Д.Бэкхэм гэр бүлээ өөрийн “хамгийн том ололт амжилт” гэж үздэг.
Ulaanbaatar