Австраличуудад нарны эрчим хүчийг үнэгүй санал болгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-11-04 15:44:23

КАНБЕРРА, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /Reutes/. Австралид 2026 онд хэрэгжиж эхлэх эрчим хүч хэмнэх хөтөлбөрийн хүрээнд нарны хавтантай болон хавтангүй айл өрхүүдэд өдөрт хамгийн багадаа гурван цагийн турш үнэгүй нарны эрчим хүч хэрэглэхийг санал болгоно гэж Эрчим хүчний сайд Крис Боуэн өнөөдөр мэдэгджээ. 


Нарны эрчим хүчийг хуваалцах хөтөлбөрийг Шинэ Өмнөд Уэльс, Өмнөд Австрали болон зүүн өмнөд нутгийн Квийнсландад хэрэгжүүлж эхэлсний дараа хамрах хүрээг нь тэлэх юм. Үйлдвэрлэлийн хүчин чадал өдөр дундын үед хамгийн өндөр байх үеэр хэрэглэгчдийг үнэгүй нарны эрчим хүчээр хангах ажээ.


“Цахилгаан эрчим хүчийг нарны хавтантай эсэх, мөн оршин суугаа газартаа эзэмшдэг, түрээсэлдэг эсэхээс үл хамааран шууд ашиглах боломжтой бөгөөд олон хүн ашиглаж, хэрэглээгээ шилжүүлэх тусам бүх цахилгаан хэрэглэгчийн зардал буурах болно” гэж К.Боуэн хэлжээ.


Австралийн хамгийн том цахилгаан эрчим хүчний нийлүүлэгчид болох “AGL AGL.AX” болон “Origin Energy ORG.AX”-ийн хувьцааны үнэ үдээс хойш гурван хувиар буурсан байна. Австралид ойролцоогоор дөрвөн сая өрх дээвэр дээрээ нарны хавтантай бөгөөд оргил үед буюу нартай өдрийн үдээс хойш цахилгаан эрчим хүчний үнэ хасах хэмжээнд хэлбэлздэг бол түүнээс хэдхэн цагийн дараах оргил ачааллын үед цахилгаан сүлжээнд ихээхэн ачаалал үүсдэг.


Орон сууцны оршин суугчид зэрэг айл өрхүүдийн хувьд нарны хавтангүй байсан ч уг хөтөлбөрт хамрагдах боломжтой. 2022 онд К.Боуэн 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 82 хувьд хүргэх зорилт тавьсан бөгөөд үүнээс гадна хорт хийн ялгарлыг 2005 оны түвшнээс 43 хувиар бууруулах зорилтыг хуульчилжээ. Дээрх саналыг хүлээн авсан хэрэглэгчид ухаалаг тоолууртай байх ёстой бөгөөд оргил хэрэглээгээ үд дундын үед шилжүүлж, тухайн цагуудад цахилгаан хэрэгслүүдээ ажиллуулж, тээврийн хэрэгслээ цэнэглэснээр ашиг шимийг нь хүртэх ажээ.

 


相关新闻