АН Үндсэн дүрмээ шинэчилсний дараа намын даргаа сонгоно 

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-11-16 18:30:06

АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо одоо Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдааны эхэнд ҮЗХ-ны гишүүдийн байр суурийг сонслоо.

Өнөөдөр АН-д тулгамдаад байгаа асуудал нь дотоод ардчилал 

УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал: -АН-ынханд ҮЗХ-гоо шинэчлэх шаардлага байна. Гэхдээ шинэчлэх механизм нь хувь хүний хүсэл зорилгоос хамаарахааргүй байвал сайн байна. Тухайлбал, УИХ ч юм уу, орон нутгийн сонгуулиар ҮЗХ нь шинэчлэгдэж байвал зүгээр байгаа юм. Манай өнөөгийн дүрмэнд ийм зохицуулалт байхгүй учраас бүх насаар нь ҮЗХ-д дархалчихдаг. Өнөөдөр АН-д тулгамдаад байгаа асуудал нь дотоод ардчилал. Намын дарга, удирдлагуудыг сонгох процесс нь дотоод ардчилалтай болж чадах уу гэдэг нь чухал. Тиймээс нийт гишүүдийн дунд сунгаа зохион байгуулаад, гишүүдээс нь намын даргыг сонгох нь зөв гэж бодож байна. Өнөөдрийн ҮЗХ-ны хурлаар намын дүрмийг шинэчлэн хэлэлцээд, нэг хувилбар гаргаж ирээд түүнийгээ нийт гишүүдээрээ хэлэлцүүлэх шийдвэр гаргавал өнөөдрийн ҮЗХ үүргээ биелүүлнэ. Би намын дарга болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй. Дэвших сонирхолтой их олон хүн бий. Намын даргад өрсөлдөнө гэж олон хүн байр сууриа илэрхийлсэн байна билээ. Тиймээс намын даргын шалгуурыг тавьж өгөх хэрэгтэй. Нэгдүгээрт, өнөөгийн цаг үед АН-ын өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг ямар зан чанартай хүн шийдэж чадах вэ гэдэг шалгуурыг тавьж өгөх ёстой.

Дүрмийн төслийг боловсруулах ажлын хэсгийг өнөөдөр байгуулна

Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр: "Энэ удаагийн ҮЗХ-ны хуралдаан өнгөрсөн наймдугаар сард хуралдсан 49 дүгээр ээлжит бус хуралдааны үргэлжлэл учраас өмнөх ирцээрээ хуралдана. Энэ удаа арванхоёрдугаар сарын 6-нд болох намын Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг томилно. Их хурлаараа намын Үндсэн дүрмийг шинэчлэн батална. Дүрмийн төслийг боловсруулах ажлын хэсгийг өнөөдөр байгуулна. АН намын даргаа ҮЗХ-ноос болон Их хурлаасаа сонгодог. Энэ удаад ихэнх гишүүд нийт намынхаа гишүүдийн дундаас сунгаагаар намын даргаа сонгох нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Миний авсан мэдээллээр намын дарга асан З.Энхболд хуралд оролцож чадахгүй гэдгээ албан ёсоор надад хэлсэн. Гэр бүлгийнхээ хүнийг аваад БНУС-д эмчилгээнд явсан. Их хурлаас өмнө ирнэ. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг болон С.Баярцогт нартай холбоо бариагүй байна. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан хүмүүст хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай гишүүд бий. Өмнөх хурлаар энэ асуудал хэлэлцэх эсэхийг нь хэлэлцээд гишүүдийн олонхи хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн. Өнөөдөр ГЗ хуралдаж хоёр ажлын хэсэг байгуулахаас өөр асуудлыг энэ удаагийн хурлаар хэлэлцэх шаардлагагүй гэсэн шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг ҮЗХ-ны хуралд оруулна. Намын Үндсэн дүрмийн тав, зургаан төсөл байгаа. Энэ хурлаар эдгээр төслөө нэгтгээд Их хуралдаа нэг төсөл оруулна. Намын Үндсэн дүрэмд ҮЗХ-ны гишүүдийг дүүрэг, аймгийн намын хорооноос сонгодог байсныг тухайн тойргийн нийт гишүүдээс сонгодог байх санал гарсан. Мөн даргыг Их хурлаасаа сонгодог байсныг нийт гишүүдээсээ сонгох санал гараад байна.

Үндсэн дүрмээ шинэчилсний дараа намын дарга сонгоно 

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Бид нэгдүгээрт, намын дүрмээ шинэчлэх, хоёрдугаарт, арванхоёрдугаар сарын 6-нд болох Их хурлын тэргүүлэгчдээ сонгох асуудлыг хэлэлцэнэ. Арванхоёрдугаар сарын 6-наас дүрмээ шинэчилсний дараа намын даргаа сонгох ажил эхэлнэ. Ер нь бүгд ярилцаад намын дарга болох хүн олон түмэн, намын гишүүдээс сунгаагаар сонгогдох нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн байгаа. П.Цагаан: Асуудлыг гишүүдийн саналаар шийдчихвэл маргаан үүсэхгүй АН-ын ҮЗХ-ын гишүүн П.Цагаан "АН-ын шинэчлэл хийхдээ хамгийн эхлээд дүрмээ дагадаг болох хэрэгтэй. Даргаасаа өгсүүлээд намынхаа дүрмийг дагадаг болох хэрэгтэй байна. Асуудлаа дүрмийн дагуу энгийн гишүүдийн оролцоотойгоор шийддэг болох шаардлагатай. Ер нь бол зодоон хүртэл дүрэмтэй байдаг. Гэтэл одоо дүрэмтэй нам дүрэмгүй болчихоод байна. Эв нэгдэл бол нэгдүгээрт хувь хүний асуудал. Асуудлыг гишүүдийн саналаар шийдчих юм бол маргаан үүсэхгүй. Гэхдээ шинэчлэлийг хуйвалдаан, хуучин аргаар хийхгүй. Дүрмэндээ салхи оруулах гээд байгаагийн гол шалтгаан энэ.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻