Дмитриев: Зеленский ОХУ-тай хэлэлцээ хийх чухал алхам хийлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-10-25 11:05:23

ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 25 /DW/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский фронтын шугам дагуу дайныг зогсоох боломжийн талаар ярьж байгаа нь түүнийг “дипломат арга замаар шийдвэрлэхэд” чухал алхам юм гэж АНУ-д айлчилж буй ОХУ-ын Ерөнхийлөгчийн гадаадын орнуудтай хийх хөрөнгө оруулалт-эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан тусгай төлөөлөгч, Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев CNN телевизид ярилцлага өгөхдөө мэдэгджээ.


“Орос, АНУ, Украин улсууд дипломат шийдэлд хүрэхэд нэлээд ойртсон гэж бодож байна. Ерөнхийлөгч Зеленский асуудал  фронтын шугамтай холбоотой гэдгийг хүлээн зөвшөөрснөөр чухал алхам хийлээ” хэмээн тэрбээр CNN сувгийн сэтгүүлч Жейк Таппертай ярилцах үеэрээ хэлжээ. Түүнчлэн тэрбээр Украины удирдагч өмнө нь Оросын бүх цэргийг Украины нутаг дэвсгэрээс бүрэн гаргах шаардлага тавьдаг байсан бол одоо энэ байр суурь өөрчлөгдөж буйг дурдсан байна


Үүний сацуу Украинд цэргийн ажиллагаа үргэлжилж байгаа шалтгааныг тайлбарлахдаа “аюулгүй байдлын баталгаа”, “Кремлийн байр суурийг ойлгох нь чухал” гэсэн Москвагийн мэдэгдлийг давтан хэлжээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Оросын Ерөнхийлөгч В.Путинтэй Будапештэд хийхээр зарласан уулзалтаа цуцалсан талаарх сэтгүүлчийн асуултад хариулахдаа, хоёр орны удирдагчдын уулзалт болно, “гэхдээ Оростой яриа хэлэлцээ хийхгүй байхтай харьцуулахад илүү дээр учраас магадгүй хойшилж болох байх” гэжээ. Трамп мөн Оросын Ерөнхийлөгчтэй хожим уулзана гэж мэдэгдсэн юм.


К.Дмитриевийн хэлснээр, талууд хоригдлуудыг солилцох шинэ ажиллагаа явуулах боломжийг хэлэлцэж байгаа аж. Гэхдээ “том” бус “энгийн” хэрэгтнүүдийн тухай яригдаж байна гэж хэвлэлүүд Оросын төлөөлөгч сэтгүүлч Сара Логанд өгсөн ярилцлагыг эш татан дамжуулжээ. АНУ-д хийж буй айлчлалынхаа үеэр К.Дмитриев мөн Д.Трампын тусгай элч төлөөлөгч Стивен Уиткоффтой уулзаж, “хоёр улсын харилцааны асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ”. Энэхүү айлчлалыг Д.Трамп Будапештын уулзалтыг цуцлахаас өмнө, мөн “Лукойл”, “Роснефть” компаниудад хориг арга хэмжээ авахаас өмнө товлосон байжээ. Тэрбээр баасан гарагт Вашингтонд хүрэлцэн ирсэн байна. 
相关新闻