Казахстанд 24 сая орчим тн үр тариа хураан авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-10-22 16:02:02

АСТАНА, 2025 оны аравдугаар сарын 22 /KAZINFORM/. Энэ онд Казахстан улсад 23,7 сая га талбайд үр тариа тариалсан нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 413 мянган га-гаар илүү байна.


Үүнээс 13 сая га-д улаан буудай тарьжээ. Нэг га-гаас авах ургацын хэмжээ Хойд Казахстан мужид хамгийн өндөр буюу 19,4 центнер, Акмолинск мужид 16 центнер, Костанай мужид 14,5 центнер байна.  


Урьдчилсан таамаглалаар, энэ онд нийт 24 сая орчим тн үр тариа, түүний дотор 16 сая тн улаан буудай хураан авах төлөвтэй байна. Өнгөрсөн оны рекорд үзүүлэлттэй харьцуулахад энэ оны ургацын хэмжээ бага байгаа боловч улсын дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, экспортод гаргах хүрэлцэхүйц байгаа юм.


Одоогийн байдлаар, өмнөд нутагт ургац хураалт бүрэн дууссан бол дээр дурдсан гурван мужид үргэлжилж байна. Мөн өнөөдрийн байдлаар, 2,6 сая тн төмс, 3,5 сая тн хүнсний ногоо хураан авчээ.  


Хураасан авсан үр тарианы нэг хэсгийг экспортолж, заримыг нь улсын нөөцөд авч, үлдсэнийг нь үрийн нөөц болгон хадгалдаг. Үүнийг хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн төрийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж байгаа юм.


Улаан буудай тариалалтаар дэлхийд тэргүүлдэг улсууд бол Европын Холбоо, Хятад, Энэтхэг, Орос юм. Эдгээр дөрвөн улс дэлхийн нийт улаан буудайны 55 орчим хувийг үйлдвэрлэдэг. Харин улаан буудайн экспортоор ОХУ, Европын Холбоо, Австрали, Канад, АНУ, Украин, Аргентин, Казахстан улсууд тэргүүлж байна.  

相关新闻