Никкей индекс 2 хувиар өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-10-20 12:23:52

ТОКИО, 2025 оны аравдугаар сарын 20 /Kyodo/. Японд эвсэл байгуулах тохиролцоонд хүрэх төлөвтэй байгаагаас үүдэн эрх баригч Либерал ардчилсан намын /ЛАН/ дарга Такаичи Санаэ Японы анхны эмэгтэй ерөнхий сайд болох магадлал нэмэгдсэний дараа Никкей индекс даваа гарагт хоёр хувиар буюу 1000 гаруй нэгжээр өсжээ.


Тодруулбал, өнөө өглөөний 10:00 цагийн байдлаар Никкей индексийн ханш өнгөрсөн баасан гаргийнхаас 1164.63 нэгжээр буюу 2.45 хувиар өсөж, 48746.78 нэгжид хүрсэн байна. Түүнчлэн Топикс индекс 57.89 нэгж буюу 1.83 хувиар өссөнөөр 3228.33 нэгжид хүрчээ.


Өнөө орой ЛАН болон томоохон сөрөг хүчний намын хооронд эвслийн хэлэлцээр байгуулах төлөвтэй байгаа тухай мэдээ цацагдсаны дараа мягмар гарагт болох парламентын санал хураалтаар Т.Санаэ ерөнхий сайдаар сонгогдож магадгүй болсон тул Японд үүсээд байсан улс төрийн тодорхойгүй байдал намжсан байна.


Мөн АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент болон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн нар хоёр орны удирдагчдын удахгүй хийхээр төлөвлөж буй уулзалтын өмнөхөн худалдааны асуудлаар утсаар ярьсны дараа худалдааны маргаан даамжрах вий хэмээн болгоомжилж байсан хөрөнгө оруулагчдын санаа зовних нь багасжээ.



相关新闻