Өмнөд Солонгосыг зэвсгийн дөрөв дэх том экспортлогч болгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-10-20 16:11:52

СӨҮЛ, 2025 оны аравдугаар сарын 20 /Yonhap/. Өмнөд Солонгосын засгийн газар гол чухал технологиудын нууцыг хадгалах, зэвсгийн дэвшилтэт системүүдийг хөгжүүлэх хүчин чармайлтыг дэмжих үүднээс 2030 он гэхэд батлан хамгаалах, агаар сансрын аж үйлдвэрийн салбарын судалгаа хөгжүүлэлтэд (Р&D) ихээхэн хэмжээний хөрөнгө оруулна гэж тус улсын Ерөнхийлөгч Ли Жэ Мён мэдэгджээ. 


Тэрбээр Сөүлийн олон улсын агаар сансар, батлан хамгаалах салбарын үзэсгэлэнг (ADEX 2025) нээж үг хэлэхдээ, улс орноо батлан хамгаалах салбарт тэргүүлэгч дөрвөн гүрний нэг болгох зорилт тавьснаа танилцуулсан байна. 


“2030 он гэхэд бид урьд өмнө байгаагүй их хэмжээний төсөв хуваарилна. Ингэснээр батлан хамгаалахад шаардлагатай технологи, зэвсгийн системээр хангах, сансар судлалыг бие даан хөгжүүлэхэд шаардлагатай чадавх бүрдэнэ" гэж Ли хэлжээ. Түүний хэлснээр, төрөөс гаргах энэхүү зардлыг дотоодын технологи, тусгай зориулалтын хагас дамжуулагч, түүний бүрэлдэхүүн хэсэг зэрэг материалыг бие даан боловсруулах, худалдан авахад зарцуулах ажээ. 


Шинэ технологиудыг нэвтрүүлэх ажиллагааг хурдасгахын тулд холбогдох хууль эрхзүйн орчныг бүхэлд нь шинэчлэх өргөн хүрээний реформ хийх, түүний дотор зэвсэгт хүчинд шинэ технологийг богино хугацаанд нэвтрүүлэх зорилгоор "хурдасгасан" системийг хэрэгжүүлэх ажлыг өргөжүүлэхээ амлав.


Өмнөд Солонгосын удирдагч мөн дэвшилтэт технологи бүхий дунд бизнес эрхлэгчид, гарааны бизнес эрхлэгчдэд батлан хамгаалах, сансар судлалын салбарт илүү идэвхтэй оролцоход нь тусална гэдгээ мэдэгджээ. 


Эдгээр аж үйлдвэрт ихээхэн хэмжээний санхүүжилт, тэргүүн туршлага шаардлагатай гэдгийг тэрбээр хүлээн зөвшөөрөөд аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарт дэлхийн улс орнуудын хамтын ажиллагаа чухал болохыг онцлон тэмдэглэсэн байна. 


"Бид дэвшилтэт бүтээгдэхүүний экспортоос хальж, аюулгүй байдлын хамтын ажиллагааны салбарт найдвартай түнш байх ёстой" гэж тэрбээр хэллээ.



相关新闻