Д.Трампыг эсэргүүцсэн жагсаалд 7 сая хүн оролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-10-19 10:45:20

ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 19 /DW/. Өчигдөр АНУ-ын 50 муж улс болон Мексик, Канад, Европын улсуудад Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй бодлогыг эсэргүүцсэн жагсаалууд No Kings гэсэн уриан дор болжээ.


Эдгээр жагсаал нь 10 дугаар сарын 1-нээс хойш үргэлжилж буй шатдаун буюу Засгийн газрын үйл ажиллагаа хэсэгчлэн түр зогсоод буй үетэй давхцаж байна.  


Ерөнхийлөгч Д.Трамп “засгийн эрхийг булаан авсан” явдлыг буруушааж, түүний явуулж буй цагаачлалын бодлого, тэр дундаа хууль бус цагаачдыг хоморголон баривчлахын тулд томоохон хотуудад Үндэсний гвардын цэргүүдийг оруулсныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Тэд “No Kings”, “Тэрбумтнууд АНУ-ыг сүйрүүлж байна”, “Дарангуйлагч дэглэмээс ангижирцгаая”, “Хаант засаглалыг бус ардчиллыг сонгоё” гэсэн уриа лоозонгууд барьсан байлаа.


Зохион байгуулагчдын мэдээлснээр, АНУ-ын 2700 гаруй хот суурин газруудад болсон жагсаал цуглаанд 7 сая орчим хүн оролцсон байна. Тэд хэлэхдээ “энэ бол өөрсдийг нь захирахыг эсэргүүцэж буй америкчуудын дуу хоолой юм. Трамп хааны титэм өмсөхийг хүсдэг байж магадгүй, харин манай улсад хаан гэж үгүй” гэлээ.  

Өөрийг нь эсэргүүцсэн жагсаал болсон өдөр Д.Трамп Флорида руу гольф тоглохоор явсан байжээ. Жагсаал цуглаанууд нь шатдаунтай холбоотой юу гэсэн сэтгүүлчдийн асуултад тэрбээр хариулахдаа “шатдауныг үргэлжлүүлэхийг зарим хүн хүсэж байгаа бололтой. Би бол тэдний ярьж байгаа шиг хаан биш шүү дээ” гэсэн байна. Мөн шатдаун бол Ардчилсан намынхны алдаа гэдгийг Ерөнхийлөгч дурдаад “бидэнд хэрэггүй байгаа тэдний хөтөлбөрүүдийг бид танаж байгаа” гэлээ.


Ташрамд дурдахад, өмнөх “No Kings” эсэргүүцлийн ажиллагаа энэ оны зургаадугаар сарын 14-нд буюу Трампын төрсөн өдрөөр болж, түүнд 5 сая орчим америкчууд оролцжээ. Үүнтэй давхцан тухайн өдөр Америкийн арми байгуулагдсаны 250 жилийн ойд зориулсан цэргийн томоохон парад болж, Д.Трамп гэргий Меланиагийн хамт үзсэн байна. 

相关新闻