ДАРХАН-УУЛ: Мод тарих намрын өдрүүд энэ сарын 25-ны өдөр хүртэл үргэлжилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Бүх нийтээр мод тарих намрын өдрийг аймгийн Байгаль орчны газраас нэг сарын хугацаанд өрнүүлэхээр болсон. Есдүгээр сарын 25-ны өдрөөс энэ сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд иргэн, ААНБ-ууд өөрийн хашаа, эзэмшилд болон заагдсан нийтийн эзэмшлийн талбайд мод тарьж байна.
Дархан хотын ойн өдрийг тохиолдуулан өнгөрсөн долоо хоногт "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, "Ногоон Дархан-2032 хөтөлбөрийн хүрээнд Дархан сумын нутагт байрлах "Төгс баясгалант төгөл"-д мод тарилаа.
Уг төглийг 2024 онд Гандантэгчинлэн хийдийн санаачилгаар байгуулсан бөгөөд 7.9 га талбайг хамарч Ногоон дарь эхийн цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэн бий болгохоор зорьж байна.
Цэцэрлэгт хүрээлэнд 2024 онд 2500 ширхэг нарс, голт бор, гүйлс, бүйлс
зэрэг мод тарьж, ургуулсан бол 2025 оны намрын мод тарилтаар 300 ширхэг нарс, улиас тарилаа.
Талбайг "Ногоон Дархан-2032" хөтөлбөрийн хүрээнд бүрэн хашаажуулж, Буддын шашны хийдүүдийн хөрөнгөөр хөдөлгөөн мэдрэгч гурван камер, 10 тн усны сав байрлуулжээ.
Дархан хотын түүхт 64 жилийн ойн өдөр буюу өнгөрсөн баасан гарагт шинээр төрсөн иргэдийн аав, ээжийн төлөөллүүд "Шинэ иргэний төгөлд" 50 нарс тарилаа.
Мөн Орхон сумын төрийн байгууллагын алба хаагчид мод тарих үйлсэд нэгдлээ. Төрийн 7 байгууллага, иргэд, ЕБС-ийн сурагчид нийт 165 иргэн сумын төвийн наадмын талбайн дэргэдэх цэцэрлэгт хүрээлэнд 620 мод бут тарилаа.
Мод тарих ажлыг дэмжиж Баян-Өлзийт багийн иргэн Д.Дамдинжамц 500 ширхэг, Н.Гандулам 120 ширхэг тарьц, суулгацыг хандивласан байна. Тарьц, суулгацын арчлалт, хамгаалалт, усалгааг Орхон тохижилт ОНӨААТҮГ хариуцан ажиллана гэв.