ОХУ Сирийн Идлиб, Хомс мужуудад цэргийн ажиллагаа эхлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-11-16 11:33:18

АНКАРА. /Anadolu/. ОХУ-ын зэвсэгт хүчин өчигдөр Сирийн Идлиб болон Хомс мужуудад томоохон хэмжээний цэргийн ажиллагааг эхлүүллээ гэж Оросын хэвлэлд мэдээлжээ.

“Russia Today” телевизийн мэдээлснээр, энэ ажиллагааны хүрээнд Идлиб, Хомс муж дахь “Лалын улс” болон “Аль-Нусра” бүлэглэлийн хэд хэдэн байрлалд агаараас цохилт өгсөн байна.

Сочи хотод болсон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Оросын зэвсэгт хүчний удирдлагууд хоорондын уулзалтын үеэр Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хэлэхдээ, Адмирал Григорович хөлөг онгоцноос далавчит пуужин харвасан, мөн Адмирал Кузнецов хөлөг онгоцон дээрх “Су-33” сөнөөгч онгоцнууд уг ажиллагаанд оролцсон гэж мэдэгдэв.

Ингэснээр Адмирал Кузнецов хөлөг онгоц Сири дэх цэргийн ажиллагаанд оролцсон анхны тохиолдол болж байна.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ОХУ Сирийн Алеппо хот дахь босогчдын байрлалд олон удаа агаараас цохилт өгч, олон тооны энгийн иргэний амийг хөнөөж, шархдуулжээ.

Д.Нямтулга

相关新闻