42 ДАХЬ ДОЛОО ХОНОГ: ОХУ, АНУ-ын удирдагчид утсаар ярилаа

ТОЙМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-10-19 18:35:38
УЛААНБААТАР, 2025 оны аравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Гал зогсоох хэлэлцээрийн дагуу Израил ба Хамас бүлэглэл барьцаанд амьд мэнд байгаа хүмүүс, нас барсан иргэдийн цогцсуудыг солилцсон, Венесуэлд нууц ажиллагаа явуулахыг Д.Трамп ТТГ-т зөвшөөрсөн, Мадагаскарын засгийн эрхийг цэргийнхэн авсан, Орос, Америкийн удирдагчид утсаар ярьж, Унгарт уулзахаар тохиролцсон, асар их газрын тосны нөөц илэрснээр эдийн засаг нь өнгөрсөн онд 44 хувиар өссөн Гайана улсад Ерөнхийлөгчийн ба парламентын сонгууль болсон зэрэг олон үйл явдал өнгөрсөн долоо хоногт өрнөлөө. Тэдгээрээс заримыг онцолбол:  


Путин, Трамп хоёр Будапештад уулзана 

Пүрэв гарагт ОХУ, АНУ-ын удирдагчид 2 цаг 30 минутын турш утсаар ярьсан нь сүүлийн найман сарын хугацаан дахь найм дахь удаагийн яриа байлаа. В.Путин, Д.Трамп нар ирэх хоёр хоногийн дотор багтаж Будапешт хотод уулзахаар тохиролцсон байна. Үүнтэй холбогдуулан Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан хэлэхдээ “Орос, Америкийн удирдагчид уулзахаар тохиролцсон нь энх тайвныг хүсэж буй хүн бүхний хувьд маш сайхан мэдээ юм” гэлээ.


Израил ба ХАМАС хэлэлцээрийг мөрдөж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын зуучилснаар энэ сарын 10-нд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийн дагуу ХАМАС бүлэглэл амьд байгаа барьцааны бүх 20 хүнийг суллаж, мөн Израилын 9 иргэн, Непалын нэг иргэний цогцсыг хүлээлгэн өгөөд байна. Хариуд нь, Израилын тал гал зогсоосон энэ сарын 10-ны өдрөөс хойш 2000 палестин хоригдлыг суллаж, 135 хүний цогцсыг хүлээлгэн өгчээ. Хамгийн сүүлд Израилын хоёр иргэний цогцсыг Олон улсын Улаан загалмай нийгэмлэг бямба гаргийн орой хүлээн аваад Израилын талд шилжүүлэн өгсөн байна.  


Талибууд ба Пакистан гал зогсоохоор тохиролцжээ

Афганистан ба Пакистаны талууд хилийн мөргөлдөөн гарсны улмаас олон арван хүн амь үрэгдсэний дараа 48 цагийн хугацаанд гал зогсоохоор тохиролцоонд хүрчээ. Талибууд 2021 онд Афганистаны засгийн эрхийг авснаас хойш анх удаагаа ийм ширүүн мөргөлдөөн болсон бөгөөд зэвсэгт бүлэглэлүүдийг нутагтаа орогнуулж, аюулгүй байдалд нь заналхийлж байна хэмээн Пакистаны тал Талибаныг буруутгасан бол Кабул үүнийг няцаажээ.  


Венесуэлийн хөлөг онгоцууд руу довтолжээ

Хар тамхи тээвэрлэж явсан маш том шумбагч хөлөг онгоцыг АНУ-ыг чиглэн явж байхад нь устгасан тухай Ерөнхийлөгч Д.Трамп Truth Social нийгмийн сүлжээний хуудсандаа мэдэгджээ. Уг шумбагчид фентанил дүүргэн ачсан байсан бөгөөд хэрвээ ийм хэмжээний хар тамхийг АНУ-д нэвтрүүлсэн бол 25 мянган хүний аминд хүрэх байсныг тэрбээр дурдсан байна.


Хэд хоногийн өмнө Д.Трамп Венесуэлийн эсрэг нууц ажиллагаа явуулахыг Тагнуулын төв газарт зөвшөөрсөн юм. Өнгөрсөн сараас хойших хугацаанд Америкийн зэвсэгт хүчин хар тамхи тээвэрлэж явсан гэх жижиг хөлөг онгоцуудад цохилт өгснөөр 27 хүн амь үрэгдсэн байна.


Венесуэлийн эрэг рүү Америкийн хөлөг онгоцууд, шумбагч онгоцуудыг илгээж байгаа нь  бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулж, Карибын бүс нутгийн цэрэггүй, цөмийн зэвсгээс ангид статустай холбоотой олон улсын гэрээнүүдийг зөрчсөн үйлдэл хэмээн Венесуэлийн тал үзэж байна.

 

Цэргийнхэн Мадагаскарын засгийн эрхийг авчээ

Ядуурал, авлига газар авсныг эсэргүүцсэн олон нийтийн жагсаалын үеэр Мадагаскарын Ерөнхийлөгч Андри Разуэлина Францын цэргийн онгоцоор хилийн чанадад зугтан гарснаас хойш нэг хоногийн дараа Мадагаскарын цэргийнхэн төрийн эрх мэдлийг цэргийн зөвлөлийн хяналтад шилжүүлснээ зарлажээ.


Армийн хурандаа Майкл Рандрианирина өөрийгөө түр ерөнхийлөгч хэмээн зарлаад, ардчиллын институтүүдийг татан буулгасны сацуу хоёр жилийн дотор төр засгийн эрх мэдлийг цэргийнхнээс иргэнийхэнд шилжүүлэн өгнө гэж амласан байна.


Хойд Америкийг зорих Африкийн багууд тодорлоо

Ирэх онд болох хөл бөмбөгийн ДАШТ-д оролцох эрхийн төлөөх сонгон шалгаруулалтын тэмцээн Африкийн бүсэд 2025 оны 11 дүгээр сарын 18 хүртэл үргэлжилнэ. Өнгөрсөн долоо хоногт ӨАБНУ, Кабо-Верде, Гана, Катар, Саудын Арабын шигшээ багууд тус тэмцээнд оролцох эрхээ авснаар Алжир, Египет, Марокко, Тунисын хамт АНУ, Мексик, Канадыг зорихоор боллоо.


Кабо-Верде улсын хөл бөмбөгийн шигшээ баг 

Энд онцлоход, 500 мянга гаруй хүн амтай, 4 мянга гаруй хав.дөр.км газар нутагтай Кабо-Вердегийн хөлбөмбөгчид улсынхаа түүхэнд анх удаагаа ДАШТ-д оролцох гэж байна. Мөн 2010 онд зохион байгуулагчийн хувиар ДАШТ-д сонгон шалгаруулалтгүйгээр шууд оролцож байсан ӨАБНУ-ын баг 15 жилийн дараа уг тэмцээнд оролцох эрхээ авч Хойд Америкийг зорино.


Ганачуудын хувьд, ДАШТ-д нийт дөрвөн удаа оролцсоноос 2010 онд шөвгийн наймд шалгарсан нь хамгийн өндөр амжилт юм. Харин 2034 оны ДАШТ-ийг зохион байгуулах Саудын Араб долоо дахь удаагаа ДАШТ-д оролцоно.


Ирэх долоо хоногт болох гол үйл явдлууд:

  • НҮБ-ын өдрийг 10 дугаар сарын 24-нд тэмдэглэх бөгөөд энэ онд тус байгууллагын 80 жилийн ой тохиож байна.
  • Ирландын ерөнхийлөгчийн сонгууль 10 дугаар сарын 24-нд болно.
  • АНУ-ын хэрэглээний үнийн индексийн есдүгээр сарын тайланг 10 дугаар сарын 24-нд танилцуулна.
  • Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны /АСЕАН/ орнуудын удирдагчдын 47 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Малайзын нийслэл Куала-Лумпур хотноо 10 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд болно.
  • Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сербийн Нови-Сад хотноо 10 дугаар сарын 20-26-ны өдрүүдэд болно.
  • Талбайн теннисний Гуанжоугийн нээлттэй тэмцээн БНХАУ-ын Гуанжөү хотноо 10 дугаар сарын 20-26-ны өдрүүдэд болно.
  • “Формула-1” ангиллын авто уралдааны Мексикийн Гран-При Мехико хотноо 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд болно.
相关新闻