СҮХБААТАР: Залуусын гарааны бизнесийг дэмжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-10-16 17:13:07

Баруун-Урт, 2025 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын Тамгын газраас залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, шинэ санаа санаачлагыг бодит ажил болгох зорилгоор “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих” зорилгот үйл ажиллагааг амжилттай эхлүүллээ.

 

Тодруулбал Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Start-up төсөл сонгон шалгаруулалтад оролцсон боловч санхүүжилт авч чадаагүй, дэмжиж, хэрэгжүүлэх бүрэн боломжтой гарааны төслүүдээс Эрдэнэцагаан сум Эко ариун цэврийн байгууламж, Түмэнцогт сум Зөгийн аж ахуй, Дарьганга сум Family care, Асгат сум Урлан кофе шоп зэрэг шилдэг тавыг нь сонгож, орон нутгийн санхүүжилтээр  тус бүрт нь арван сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг үзүүллээ.

 

Залуус “Сүхбаатар Хөгжил” үйлдвэрлэл технологийн парктай батлан даалтын гэрээгээ байгуулснаар санхүүжилтээ авч, бизнесээ эхлүүлэх бэлтгэлээ хангаж эхэлсэн бөгөөд энэхүү дэмжлэгийн 50 хувь нь эргэн төлөх нөхцөлтэй.




Ингэснээр орон нутагт анх удаа нийт тавин сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар залуусын бүтээлч санаачилгыг бодит ажил болголоо. Цаашид аймгийн хэмжээнд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, инноваци, дэвшилтэт технологи, стартап төслүүдийг хөгжүүлэхэд жил бүр ийн 50 сая төгрөг төсөвлөн, “Сүхбаатар Хөгжил” ҮТП-аар дамжуулан олгож, залуусаа тууштай дэмжиж, орон нутагтаа ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх бодлогоо хэрэгжүүлэхээр болжээ.

 

相关新闻