Эмэгтэй теннисчид найман жилийн дараа ДАШТ-д оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-15 11:29:19

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Энэтхэгийн Бхубанесвар хотод ширээний теннисний насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээн боллоо.


Тус тэмцээнд оролцсон Монголын эрэгтэй баг 12 дугаар байрт шалгарч, 2026 онд Английн Лондон хотод болох ДАШТ-д өрсөлдөх эрхээ авсан тухай бид мэдээлсэн. Тэгвэл эмэгтэйчүүд ААШТ-ийг 15 дугаар байрт шалгарсан амжилттай дуусгаж, эрэгтэй багийн нэгэн адил ирэх жил Лондоныг зорих тийзээ халааслав. Тэд хэсгийн тоглолтод Шри Ланк, Тайландад 3:0-ээр дийлдсэн юм. Гэвч эрхийн төлөөх тоглолтод Непалыг 3:2, Узбекистаныг 3:0-ээр буулган авснаар ширээний теннисний 100 дахь удаагийн ДАШТ-д эх орноо төлөөлөх эрхтэй болжээ.


100 жилийн түүхтэй ширээний теннисний ДАШТ-д монголчууд 1961 оноос оролцсон бөгөөд Монголд хөгжсөн спортын төрлүүдээс хамгийн анхлан ДАШТ-д тамирчнаа илгээсэн төрөл юм. Тэгвэл Олон улсын ширээний теннисний холбооноос багийн ДАШТ-д оролцогч багуудад тавих шалгуураа нэмснээр 2016 оноос дэлхийн чансаанд хамгийн өндөр оноотой 40 баг л өрсөлддөг болсон юм. Хоёр жил тутамд зохион байгуулдаг багийн ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй багаараа монголчууд хамгийн сүүлд 2017 онд орсон.


Түүнээс хойш тэгш тоотой жилд багийн, сондгойд нь ганцаарчилсан төрлийн ДАШТ-ийг зохион байгуулах болжээ. Эмэгтэйчүүд 2018 онд Шведэд болсон ДАШТ-ээс хойш найман жилийн дараа дахин оролцох эрхээ авсан байна.




相关新闻