Хотын дарга иргэдийн тулгамдаж буй асуудлыг сонсч, шийдвэрлэх гаргалгааг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-15 14:30:50

НЗД С.Батболд өнөөдөр хүсэлт, өргөдөл гаргасан иргэдийг хүлээн авч уулзан, тулгамдаж буй асуудлыг нь сонч, шийдвэрлэх гарц, гаргалгааг хэлэлцлээ.

Хотын даргатай уулзсан эхний иргэн нь Чингэлтэй дүүргийн Н.Төгссайхан байлаа. Тэрээр БЗД-ийн 14-р хороо, 14-р хорооллын нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хуаран” хотхоны орчимд автозам тавих шаардлагатай байгааг хэлэв.

Үндэсний үйлдвэрлэгч “БЧГ” компани хог ачих, буулгах, хадгалах, дахин боловсруулах тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг байна. Уг технологио ашиглан Улаанбаатар хотын хог, хаягдлын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр нийслэлийн удирдлагуудтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хотын дарга тус компанийн удирдлагуудтай албан ёсны уулзалт хийхээ амлав.

Мөн Баянзүрх дүүргийн иргэн М.Бат-Очир СБД-ийн 20 дугаар хороо, Сэлбэ зуслангийн хойд талын орц, гарцыг иргэн Л.Сосорбурам хааж, иргэдэд чирэгдэл учруулж байгааг хэллээ. Энэ талаар СБД-ийн Өмч, газрын харилцааны албаны мэргэжилтэн “Уг хэсгийн 14 га газрыг иргэн Л.Сосорбурам өмчилдөг бөгөөд саяхан тус газартаа хашаа барьж эхэлсэн хэмээв. Нэг хүний өмчийн газраас шалтгаалан олон түмний эрх зөрчигдөж байгаа бол төр газраа буцаан авч, иргэдийнхээ эрх ашгийг хангана гэдгийг Хотын дарга хэлсэн юм.

Үүнээс гадна Баянзүрх дүүргийн иргэн Т.Түмэн-Өлзий Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд хүнд суртал ихтэй, өргөдөл гомдлыг цаг хугацаанд нь шийдвэрлэдэггүй талаар гомдол гаргав. Тэрбээр, энэ оны 2 дугаар сараас эхлэн гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрах хүсэлтээ холбогдох байгууллагуудад хүргүүлсэн ч одоог хүртэл шийдтэй хариу өгөөгүй аж. Хотын дарга С.Батболд түүний тавьсан гомдол саналыг судалж, холбогдох байгууллагуудад уламжлахаа хэллээ.

Уулзалтын төгсгөлд Хотын дарга иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, үр дүнгээ танилцуулахыг холбогдох албаныханд үүрэг болгов.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

相关新闻