Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-17 15:00:05

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. НҮБ-аас “Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг зургаадугаар сарын 17-нд зарласан.


Энэ жил цөлжилттэй тэмцэх дэлхийн өдрийг улс орнууд “Газрыг нөхөн сэргээе. Боломжуудыг нээе“ уриатай тэмдэглэж байна. НҮБ “Ган цөлжилтөд ноцтой нэрвэгдэж буй орнууд цөлжилттэй тэмцэх тухай” конвенцыг 1994 онд баталж, 195 улс орон нэгдэн орсон байдаг. Манай улс 1996 онд цөлжилттэй тэмцэх конвенцыг соёрхон баталсан эхний 50 улсын нэг болсон аж.


Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг идэвхтэй үйл ажиллагаа явуулж НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах юм. Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар хуралдаан (СОР17)  ирэх оны  наймдугаар сарын 17-28-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөөд байна.


Энэ хүрээнд хоёр долоо хоног үргэлжлэх бага хурлаар өндөр түвшний үйл ажиллагаа, тэр дундаа сайд нарын түвшний хэлэлцүүлэг, олон талт оролцогчдын чуулга уулзалт, шинжлэх ухаан ба бодлогын уялдаа, инновац, технологи, санхүүжилтийн шийдлүүдийг хэлэлцэх сэдэвчилсэн форумууд зохион байгуулна.


Энэхүү бага хурал нь салбар хоорондын үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлж, газрын тогтвортой ашиглалт, экосистем болон газрын нөхөн сэргээлт, “Газрын доройтлыг тэглэх зорилт”-ын хэрэгжилтийг ахиулах чухал алхам болох юм.

 

相关新闻