ДАРХАН-УУЛ: Хүүхдийн зуслангийн халуун усны газрыг 40 жилийн дараа сэргээн засварлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-10-07 17:56:55

Дархан, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Дархан хотын төдийгүй төвийн бүс цаашлаад ОХУ-ын хүүхэд багачууд хүрэлцэн ирж амардаг Зулзагын гол хүүхдийн зусланд сүүлийн жилүүдэд орон нутгаас хөрөнгө оруулалт хийж засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байна.



Энэ жилийн тухайд тус зуслангийн 40 гаруй жил ашиглаагүй орхигдсон нийтийн халуун усны газрыг “Дархан-Ус суваг” ОНӨААТҮГ нь 60 жилийн ойн хүрээнд иж бүрэн шинэчилж, засварлаж хүлээлгэн өглөө.



Засвар шинэчлэлийн хүрээнд эрэгтэй 12, эмэгтэй 12 нийт 24 хүүхэд нэгэн зэрэг усанд орох боломжтой болжээ. Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй цэвэр модон хийцлэлээр шинэчилж тохижуулсан халуун усны газарт амрагч хүүхдүүд болон өсвөрийн тамирчид үйлчлүүлэх юм.


Урд өмнө нь халуун усанд орох боломжгүй байсан бөгөөд илүү тав тухтай орчныг бүрдүүлэх үүднээс аймгийн засаг даргын тавьсан саналыг хүлээн авч нийгмийн хариуцлагын хүрээнд ийнхүү Дархан Ус суваг ХК шаардлагатай төсвийг гаргасан байна.


Тодруулбал уг засвар шинэчлэлийн ажилд нийт 90 сая төгрөг зарцуулж гүйцэтгэгчээр Бид бүтээн ХХК шалгарч хийж гүйцэтгэжээ.

 

相关新闻