ДАРХАН-УУЛ: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого өнөөдөр аймгийн хэмжээнд эхэллээ.
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хүрээнд Засгийн газрын тогтоолоор баталсан “Түүх, соёлын хөдлөх дурсгалын улсын тооллого хийх журам”, Соёлын сайдын, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын тушаалын хэрэгжилтийг хангах үүднээс Дархан-Уул аймгийн хэмжээнд Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого зохион байгуулахаар салбар комиссын бүрэлдэхүүнийг аймгийн Засаг даргын захирамжаар баталжээ.
Салбар комиссын гишүүд тооллогыг хэрхэн явуулах, бүртгэл мэдээллийг нэгтгэх тухай сургалтад хамрагдаж, урьдчилсан бэлтгэлийг хангасны үндсэн дээр ийнхүү тооллогын ажлыг албан ёсоор эхлүүлж байна.
Аймгийн хэмжээнд 1190 дурсгал тооллогод хамрагдана. Үүнээс музейн 1047, Хонгор сумын Соёлын төвийн музейн 115, Орхон сумын Соёлын төвийн музейн 28 дурсгал улсын тооллогод тус тус хамрагдах ажээ.
Аймгийн төв музейд хадгалагдаж буй түүх, соёлын хөдлөх дурсгал үзмэрийн 60 гаруй хувь нь гэрэл зураг гэдгийг бүртгэл мэдээллийн санч М.Мөнхтуяа тодотголоо.
Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогыг зохион байгуулснаар нэн яаралтай сэргээн засварлах шаардлагатай хөдлөх дурсгалын жагсаалт, шинж чанар, бүрэн бүтэн байдалд хяналт тавих, эерэг болон сөрөг нөлөөлж буй хүчин зүйлүүдийг тодорхойлох, нэгдсэн тоон дүн болон тооллогын мөрөөр авах арга хэмжээний санал боловсруулах зэрэг үр дүн, ач холбогдолтой гэдгийг аймгийн СУАЖЗГ-ын дарга Х.Соёл-Эрдэнэ ярилаа.
Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогыг 2025 оны 12 дугаар сард багтаан дуусгах юм.
Ташрамд түүх, соёлын хөдлөх дурсгалын улсын тооллогод төрийн болон орон нутгийн өмчийн музей, орон нутаг судлах танхим, Монголын үндэсний номын сангийн үнэт ховор номын музей, галерей, Монгол банкны эрдэнэсийн сан, их, дээд сургууль, ШУА-ийн эрдэм шинжилгээний хүрээлэн, шашны байгууллага, хувийн музей зэрэг 320 гаруй байгууллага хамрагдана.