Трампын худалдааны асуудалд ямар бодлого баримтлах нь “iPhone"-ы борлуулалтад нөлөөлж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЭЭЖИН. /Chinadaily/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп хэрэв АНУ болон Хятад улсуудын хоорондын худалдааны асуудалд дайсагналыг бий болговол энэ нь Хятад улс дахь “IPhone” гар утасны борлуулалтад нөлөөлж магадгүй гэж Хятадын төрийн өмчит хэвлэл мэдээллийн газраас анхааруулжээ.
Хятадын “Global Times” сайтанд хэрэв дээрх нөхцөл байдал үүсвэл Хятад улс Боингийн онгоцыг бус харин "Airbus"-ын онгоцыг худалдаж авч эхлэх бөгөөд мөн дээр нь Хятад дахь “iPhone” болон Америкт үйлдвэрлэсэн автомашинуудын борлуулалт нэлээд буурна гэж анхааруулжээ.
Мөн дээр нь “АНУ-аас оруулж ирдэг шар буурцаг болон эрдэнэ шишийн импорт ч зогсох магадлалтай” гэжээ. Компанит ажлынхаа үеэр Д. Трамп хэлэхдээ хэрэв тэрбээр ерөнхийлөгч болбол Хятад улсыг валютын асуудал дээр арга заль хэрэглэгч улс гэж үзэх болно гэж мэдэгдэж байсан билээ. Д.Трампын эдийн засгийн асуудал эрхэлсэн зөвлөх Жүди Шелтон бямба гарагт “Bloomberg”-т өгсөн ярилцлагандаа "Трамп албан тушаалаа авсан даруйдаа энэ асуудлыг хөндөх шинжтэй байгаа. Миний бодлоор Трамп бол хэлсэн зүйлсээ биелүүлдэг хүн. Тэр үргэлж шулуун шударга байдаг. Тэрбээр энэ хэвээрээ байна гэж би бодож байна” хэмээн дурджээ.
“Global Times”-ийн анхааруулснаар “хэрэв Трамп Хятад улсыг валютын асуудал дээр арга заль хэрэглэгч гэж үзээд Хятадын импортын тарифыг огцом ихэсгэвэл Хятад улс мөн хариу арга хэмжээ авах болно” гэжээ.
Энэ мэт үйлдлүүд нь АНУ-Хятадын худалдаа харилцааг нэлээд хурцадмал байдалд аваачих бөгөөд АНУ дахь Хятадын импортын 45 хувийн худалдааны тарифын хариуд Хятад улс өөрийн улс дахь “ iPhone”-ы борлуулалтад “хариутай бол бариутай” гэсэн аргыг ашиглах болно гэжээ.
“Apple” компанийн хамгийн сүүлийн үеийн санхүүгийн тайланг харвал хэдий өнгөрсөн хоёр улиралд өмнөх жилтэй харьцуулахад борлуулалт 30 хувиар унасан байгаа боловч борлуулалтаараа Хятад улс тус компанийн гурав дахь хамгийн том зах зээл болоод байгаа юм.
Х.Сарнай