СЭЛЭНГЭ: Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд тогтвортой хүнсний хангамж бүрдэнэ
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Газар
тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, үрийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр төр,
хувийн хэвшил хамтран ажилласнаар тогтвортой хүнсний хангамжийг бүрдүүлнэ
хэмээн салбарын сайд онцоллоо.
Өнгөрсөн пүрэв гарагт ХХААХҮ-ийн
сайд Ж.Энхбаяр Сэлэнгэ аймгийн Хушаат суманд ажиллаж, газар тариалангийн үйл
ажиллагаа эрхлэгч Монгол Улсын гавьяат Эдийн засагч Ч.Пэрэнлэй захиралтай
“Өгөөж Мандал уул” ХХК-д Үр үржүүлгийн аж ахуйн нэгжийн гэрчилгээг гардуулсан
юм.
Салбарын сайд тус компанийн тариалангийн
талбай, ургац хураалт, механикжсан үтрэмтэй танилцсан байна.
Тус компани Төр, хувийн
хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 5000 га талбайг бүрэн хашаажуулж, 210
мянга гаруй мод бүхий 30 км урт ойн зурвас байгуулсан нь хөрс хамгаалах, үржил
шимийг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр болжээ.
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр үр
үржүүлгийн гэрчилгээ гардуулах үеэрээ “Газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих,
үрийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр төр, хувийн хэвшил хамтран ажилласнаар
тогтвортой хүнсний хангамжийг бүрдүүлэх нөхцөл бүрдэнэ” гэв.
“Өгөөж Мандал уул” ХХК энэ онд
нийт 2800 га талбайд улаанбуудай тариалж, ургац хураалтын ажил ид өрнөж байв. Өнөөдрийн
байдлаар 1800 га талбайн ургацыг хураан авсан бөгөөд дундаж ургац 24–28 цн байна.
Гэвч зарим талбайгаас 40 гаруй цн хүртэлх ургац хураан авсан амжилттай
байлаа.
2024 онд тус компани
механикжсан үтрэмийг ашиглалтад оруулснаар бүтээмжийг нэмэгдүүлж, хөдөлмөрийн
ачааллыг бууруулжээ. Тодруулбал өмнө нь 10 хүний хийдэг ажлыг 2 хүн гүйцэтгэх
болсон байна.
Тус компани өнгөрсөн хавар "Дархан-144" сортын 153 тонн үр авч хаврын тариалалтаа хийжээ. Одоогийн байдлаар 2400 тонн элит үрийг бэлтгээд байгаа гэв.




