Кашмирт буудалцаан болсны улмаас Пакистаны цэргүүд амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-11-15 11:33:43

ИСЛАМАБАД. /KAZINFORM/. Маргаантай Кашмирын бүсэд Пакистан болон Энэтхэгийн армийнхны хооронд буудалцаан болсны улмаас долоон пакистан цэрэг амиа алджээ.

Пакистаны армийн мэдэгдсэнээр, тус хоёр улсыг заагладаг Кашмирын хилийн бүс орчимд өнгөрсөн ням гарагийн орой буудалцаан болсон байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байгаа хэдий ч Пакистаны армийн мэдэгдэлд “Энэтхэгийн цэргүүд өдөөн хатган гал нээсний хариуд манай цэргүүд гал нээсэн” гэжээ.

Өнгөрсөн оны 12 дугаар сард Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Пакистанд гэнэтийн айлчлал хийсэн юм. Уг айлчлалын үеэр тэрбээр Пакистаны Ерөнхий сайд Наваз Шарифтай харилцан итгэлцлийг сэргээхийн тулд хамтран ажиллахаар тохиролцсон билээ.

Гэвч энэ оны есдүгээр сард Кашмир дахь хилийн маргаантай бүсийн Энэтхэгийн хяналтанд байдаг хэсэг  дэх армийн бааз руу босогчид халдан 18 цэргийг хөнөөсний дараа хоёр талын харилцаа дахин хурцдаж эхэлсэн. Уг халдлагыг Пакистаны хэт давруу үзэлтнүүд үйлдсэн гэж Энэтхэгийн тал үзэж, босогчдод чөлөөтэй нэвтрэх боломж олгосон хэмээн Пакистаны засгийн газрыг буруушааж байгаа билээ. Харин Пакистаны тал үүнийг “ор үндэсгүй гүтгэлэг” хэмээн эрс няцааж байгаа юм.

Г.Доржханд

相关新闻