Хиргисүүр, хүн чулуун хөшөөг сүйтгэх явдал түгээмэл гарах болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймагт 2015-2016 онд 577 ширхэг булш, хиргисүүр, хадны оршуулга, тахилын байгууламж тоногдсон мэдээ байна.
Аймгийн орон нутаг судлах Музей 2015-2016 оны үл хөдлөх дурсгал, архелогийн олдвор бүртгэлжүүлэх үзлэг тооллогоор ажиллах үеэр ийм мэдээ дүн гарчээ.
Ховд аймгийн Музейн хээрийн судалгааны баг 2015-2016 онд Ховд аймгийн 17 сумын түүх соёлын үл хөдлөх дурсгалын үзлэг тооллогын ажлыг хийж дуусгаад байгаа аж.
Уг үзлэг тооллогоор 1331 дурсгалт газрын 36870 ширхэг дурсгалыг бүртгэн баримтжуулсан байна. Үзлэг тооллогын явцад зам дэд бүтэц, аж ахуйн үйл ажиллагаанд өртсөн, сүйтгэгдсэн, тоносон 12097 ширхэг дурсгал бүртгэгдээд байна.
Үүнээс Сүйтгэсэн 8090 ширхэг дурсгал, Аж ахуйн үйл ажиллагаанд өртсөн 4928 ширхэг дурсгал, Дэд бүтэцийн үйл ажиллагаанд өртөх магадлалтай 503 дурсгал, Тоногдсон 114 дурсгалт газрын 577 ширхэг булш, хиргисүүр, хадны оршуулга, тахилын байгууламжууд байна.
Иргэдийн буруутай үйл ажиллагаа, мэдээлэл дутмаг байдлаас болж хадны зурагтай газрыг нурааж чулуугаар хашаа барих, сүйтгэх, будаж баллах, сийлэх, буган чулуун хөшөө, хүн чулуун хөшөө, хөшөө чулууг хугалах зөөх, сүйтгэх явдал гарах болжээ.
Түүнчлэн гар аргаар хууль бусаар алт, үнэт чулуу олборлодог буюу бидний нэрлэдэгээр нинжа нар, хуурамч судалгааны багууд, тэдэнд газарчилсан нутгийн иргэдтэй нийлэн булш, хиргисүүр, хадны оршуулга, тахилын байгууламж тоногчид нэмэгдэх хандлагатай байна гэж судалгааны багийнхан анхаарууллаа.
Олон зуун мянган жил оршин тогтнож бидэнд үлдсэн өв, соёл, эд өлгийн зүйлс эдүгээ бидний цаг үед устаж үгүй болох ёсгүй. Өвгөдийнхөө ясыг өндөлзүүлж өнөөдрөө аргацааж байгаа тонуулчдад хариуцлага тооцох цаг ирснийг зургаар баримтжуулжээ.
А.Бямбасүрэн