ДОРНОГОВЬ: Арлын улсын багш, оюутнууд говь нутагт зочиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-09-24 14:40:24

Сайншанд, 2025 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын Софиа Их сургуулийн сувилахуйн багш, оюутнуудын төлөөлөл есдүгээр сарын 18-21-нд Дорноговь аймагт зочиллоо.


Японы Софиа Их сургуулийн Сувилахуйн сургуулийн профессор Яае Яшино багшаар ахлуулсан шилдэг 12 оюутнууд, тус сургуулийн профессор Нахоко Окамото, Япон Улсад ажиллаж амьдарч буй Дорноговийн Анагаахын сургуулийн төгсөгч М.Хулан нар дөрвөн өдрийн турш тус сургуульд ажиллаж, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж оюутнуудад гэрийн асаргаа сувилгаа, жирэмсэн үеийн асаргаа сувилгаа, хүүхдийн хүчирхийлэл, эрүүл амьдралын хэв маяг, яаралтай тусламжийн үеийн асаргаа сувилгаа зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж, Монгол, Японы эрүүл мэндийн салбарын сувилахуйн тусламж үйлчилгээний талаар санал солилцсон байна.



Туршлага судлах аяллын хугацаанд Сайншанд сумын “Агатова” Өрхийн эрүүл мэндийн төв, нярай хүүхэдтэй айлын гэрийн эргэлт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн “Эрүүлжин хөгжих төв”, говийн бүсийн ахмад настны Асрамжийн төв, Сайншанд сумын 12 дугаар цэцэрлэг, алслагдсан сум орон нутгийн эрүүл мэндийн байгууллага буюу Зүүнбаянгийн эрүүл мэндийн төвд очиж хөдөө орон нутагт иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэрхэн явагддаг талаар сонирхож туршлагаасаа хуваалцжээ.


Арлын улсын багш, оюутнууд тус сургуулийн Сувилахуйн ангийн багш оюутнуудтай хамтарсан дадлага хичээлийг зохион байгуулсан нь сувилагч мэргэжлээр суралцаж буй оюутнуудын хувьд хамгийн чухал  үйл ажиллагаа байсан бөгөөд тэд бие биеэсээ суралцсан байна.


Оюутны хөгжил хөтөлбөрийн хүрээнд Монгол, Японы оюутнуудын соёлын үйл ажиллагааг зохион байгуулж, монгол үндэсний хувцас, тоглоом наадгай, монгол бичиг, япон ханз, урлагийн тоглолт, япон оюутнуудын урлагийн мэндчилгээ, тоглоом зэргийг үзүүлж, япон хэлний “Сакура” клуб, англи хэлний клубийн оюутнууд бие биенээсээ суралцаж хэсэг хугацаанд ойртон нөхөрлөжээ.


Мөн энэ хугацаанд Дорноговь аймагт болсон “Тэнгэрийн хутагт” фестивалийг үзэж монголын өв соёл, ёс заншил, урлаг, бүжгийн жүжиг, морин хуурын чуулгын тоглолтыг сонирхон морь, тэмээ унаж монгол гэрт зочилжээ. Тус сургуульд хүний их эмч, сувилагч, эм найруулагч, лабораторийн техникч мэргэжлээр нийт 600 гаруй оюутан суралцаж байна.


 

相关新闻