Д.Трамп: Амласан ёсоороо Мексикийн хилийн дагуу хана барина
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН./ВВС/. АНУ-Мексикийн хил дагуу хана барина гэж АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр удаа дараа амлаж байсан билээ. Тэгвэл тэрбээр ням гарагт CBS телевизэд ярилцлага өгөхдөө “зарим хэсэгт хананы оронд хашлага барина. Тодорхой хэсэгт хана босгох нь илүү тохиромжтой” гэжээ.
Мөн АНУ руу хууль бусаар нэвтэрсэн, урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан цагаачдыг улс орноосоо албадан гаргана гэдгээ тэрбээр мэдэгджээ. Түүний хэлснээр, АНУ-д 2-3 сая ийм хүн, тэдний дотор гэмт бүлэглэлүүдийн гишүүд болон мансууруулах бодис наймаалагчид байгаа аж.
Эхний ээлжинд хилийн хяналтыг чангатгасны дараа хууль бус цагаачдыг хэрхэхээ шийднэ гэж Д.Трамп ярьсан байна.
Ням гарагт явуулсан нэгэн санал асуулгын дүнгээс үзвэл, америкчуудын 74 хувь нь Д.Трампыг “шударгаар сонгогдсон ерөнхийлөгч” гэж үзэж байна. Харин 33 хувь нь Хиллари Клинтоныг дэмжигчид бөгөөд тэд Д.Трампыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Тус улсын олон хотод Д.Трампын эсрэг жагсаал цуглаан болж, америкчууд хоёр талцан хуваагдаад байна.
Г.Доржханд