Хэл, соёлоо дээдлэхийг уриалж “Язгуур” үзэсгэлэнг нээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. АНУ-ын гэрэл зурагчин, контемпорари уран бүтээлч Аня Броун буюу Ш.Оюунсүрэнгийн “Язгуур” нэртэй бие даасан үзэсгэлэн “Норпей” арт галерейд нээлтээ хийлээ.
Энэ үзэсгэлэнг гэрэл зургийн “Гамма” агентлагаас санаачлан зохион байгуулж байгаа юм. Зургаан хоног үргэлжлэх эл үзэсгэлэнд түүний 40 орчим зургийг дэлгэн үзүүлжээ.
Тэрбээр үзэсгэлэнг гаргах болсон шалтгаанаа ярихдаа, “Өнгөрсөн зууны 1950-1960 оны үед дэлхийн хүн төрөлхтөн 6000-7000 хэлээр хоорондоо ярьж нэвтэрдэг байсан гэх судалгаа бий. Харин орчин үед улс орнуудын болон үндэстэн ястны тэнцвэргүй харилцаа, эдийн засгийн хямрал, даяарчлал, шинэ технологийн хөгжил, дайн тулаан зэргээс шалтгаалан жил бүр 30 орчим хэл устан хэрэглээнээс гарч байгаа гэсэн харамсалтай мэдээтэй. Энэ маягаар цаашид үргэлжилбэл 2050 он гэхэд дэлхийн хүн ард хоорондоо 2000 мянга орчим хэлээр л харилцах магадлалтайг ЮНЕСКО-гоос гаргасан. Дэлхийн хэлний улаан номд буриад хэл бүртгэгдсэн ба монгол хэл ярилцагч хүн амын тоо цөөн гэх шалтгаанаар "устаж үгүй болох хэрэглээнээс удахгүй хасагдах магадлалтай хэл"-ний тоонд багтаж байна. “Хэл үгүй бол соёл үгүй” гэсэн дүгнэлт гарсан нь надад хүндээр туссан. Тиймээс үхрийн хэл ашиглан эх хэлээ устаж үгүй болохоос нь өмнө хамгаалъя гэсэн санааг бүтээлдээ тусгахыг хүссэн юм” хэмээлээ.
Тэрбээр бүтээлүүдээ жаазалж, монгол цоожоор цоожлон шар хадгаар чимсэн нь олны анхаарлыг татсан. Тэгвэл энэ нь “Аялгуу сайхан эх монгол хэл минь бат бөх монгол өв соёлоор цоожлогдон үеийн үед дамжин хадгалагдаасай” гэх утгыг агуулсан байна. Ш.Оюунсүрэнгийн хувьд өдгөө АНУ-ын Хьюстон хотод ажиллаж, амьдардаг бөгөөд үзэсгэлэнгээ онлайнаар нээсэн юм. Түүний үзэсгэлэн энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ.