ӨНӨӨДӨР: "Өмчийн харилцаа: Монголын нийгэм, эдийн засгийн түүх" олон улсын эрдэм шинжилгээний хурал болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм:
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин есдүгээр сарын 4-9-нд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын доод танхим Мажилисийн дарга Е.Ж.Кошановын урилгаар есдүгээр сарын 4-7-нд тус улсад албан ёсны айлчлал хийж байна.
09:00 цагт: Монголбанкнаас
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг
олон нийтэд танилцуулах нээлттэй хэлэлцүүлэг болно.
9:00 цагт: Монгол Улсад Барилгын салбар үүсэж хөгжсөний 99 жилийн ойг тохиолдуулан “Барилгачдын өдөр-2025” өдөрлөгийг Нийслэлийн соёлын төв өргөөнд зохион байгуулна.
9:20 цагт: ХБНГУ-ын монголч эрдэмтэн Удо Б.Баркманны 70 насны ойд зориулсан "Өмчийн харилцаа: Монголын нийгэм, эдийн засгийн түүх" олон улсын эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн I байрны Эрдмийн танхимд болно.
13:00 цагт: Уран бүтээлч Г.Логийразын “Шавраас дижитал хүртэл” бие даасан үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх
урлагийн музейд болно.
17:00 цагт: Уран бүтээлч Н.Алтанцэцэгийн “Шивнээ” бие даасан үзэсгэлэнгийн нээлт "Б Контемпорари" арт
галерейн танхимд болно.
-Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн Монголын Урчуудын Эвлэлийн галерейд гарч байна.
-Залуучуудын 16 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн (2025 FIBA U16 Asia Cup) Улаанбаатар хотноо үргэлжилж байна.
-Их шүтээн: Эзэн Чингис хаан тусгай үзэсгэлэн "Чингис хаан" үндэсний музейд гарч байна.
-"Хүрээлэн буй Хязгааргүй” уран бүтээлийн үзэсгэлэнг "NM tower"-т дэлгээд байна.
-"Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг нийслэлийн есөн дүүрэгт 11 дүгээр сарын 1 хүртэл зохион байгуулна.
-Олон улсын цэвэр агаарын өдөр тохиож байна.
Орон нутагт:
-Монгол Улсын 2025 оны Шатрын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 63 дахь, эмэгтэйчүүдийн 55 дахь удаагийн тэмцээн есдүгээр сарын 3-15-нд Баянхонгор аймагт болж байна.
-Монгол Улсын төрийн дээд шагнал Чингис хаан одонт, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит "Сэрсэн тал” дуу, хөгжмийн наадам есдүгээр сарын 5-7-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумд болно.
Хилийн чанадад:
-Их Британийн Ливерпүүл хотод болох боксын ДАШТ-нд манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй таван тамирчин оролцоно.
-Монгол-Казахстаны бизнес уулзалт Астана, Алматы хотод болж байна.
