Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулах хуулийн төслийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-11-11 13:24:54

УИХ-ын чуулганы баасан гарагийн үдээс өмнөх чуулганаар хоёр хуулийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ.

Тодруулбал УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын гишүүдээс 10 дугаар сарын 7-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд хөдөлмөрийн тааламжгүй нөхцөл, ажил, мэргэжлийн онцлогийг харгалзан тэтгэвэр эрт тогтоолгох  болзол нөхцлийг зохицуулсан байдаг. Гэсэн хэдий ч энэ зохицуулалт нь байгаль, цаг уурын хараат байдалд биеийн хүчний хүнд хөдөлмөрийг ажил амралтын горимгүй эрхэлдэг малчдад хамаардаггүй байна. Малчид эрхэлж буй хөдөлмөрийн онцлогоос хамааран хөдөлмөрийн чадвар эрт буурах, хүнд өвчин тусах, наснаасаа эрт өтлөх, харьцангуй эрт нас барах тохиолдол түгээмэл байгаа юм. Тиймээс малчдын тэтгэвэрт гарах насыг 5 жилээр наашлуулахаар тусгасан.

УИХ-ын гишүүн С.Чинзориг "Нийгмийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн эмэгтэй 55 настайдаа тэтгэвэрт гардаг. Гэвч хүүхдээ асрах хугацааны шимтгэл төлөгдөхгүй үлдсэнээс тэтгэвэр нь харьцангуй бага тогтоогдож нийгмийн баталгаа нь алдагддаг. Тиймээс эхчүүдийн нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор хүүхэд асарсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг даатгалын сангаас тасалдуулахгүй төлөх, төрүүлсэн хүүхдийн тоогоор 1,5 жил нэмж тооцохоор тусгасан. Түүнчлэн сайн дураар даатгуулсан эхчүүдэд 75 хувиар бодож олгодог жирэмсэн болон амаржсаны тэтгэмжийг 100 хувьд хүргэхээр тусгасан байна" гэж тайлбарлаж байв.

Харин Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл батлагдвал 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих бөгөөд малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалд шимтгэлээ тасралтгүй төлж, тэр хэрээр орлого төвлөрөх эерэг нөлөөтэй гэж үзэж байгаа юм. 

Манай улсын мал аж ахуйн салбарт 300 мянга гаруй малчин ажиллаж, тээвэр, худалдаа, үйлчилгээ зэрэг эдийн засгийн томоохон салбаруудад 240.0 гаруй мянган иргэн хувиараа хөдөлмөр эрхэлдэг байна. Энэ нь нийт ажиллагчдын 47,5 хувийг эзэлж байгаа аж. Судалгаагаар малчдын 10 орчим, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 15 орчим хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан байдаг гэнэ.

Энэ байдал үргэлжилвэл нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авагчдын тоо мэдэгдэхүйц өсч төсөвт ачаалал үүсгэх сөрөг үр дагавартай гэж төсөл санаачлагчид үзжээ. Тиймээс малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хууль батлагдвал 491.6 мянган хүн хамрагдах бөгөөд нийт малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид бүрэн хамрагдсан тохиолдолд 566.4 тэрбум, 30-аас дээш насныхан бүрэн хамрагдвал 288.2 тэрбум, 35-аас дээш насныхан бүрэн хамрагдсан тохиолдолд 189.0 тэрбум төгрөгийн орлого нийгмийн даатгалын санд төвлөрөх боломжтой юм байна.

УИХ-ын чуулганаар дээрх хоёр хуулийн төслийг хэлэлцэж, гишүүд ажлын хэсгээс асуулт асуулт хариулт авсны дараа санал хураалгахад олонхи нь дэмжлээ. Ингэснээр малчдад үр өгөөжтэй дээрх хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв. 

Үүгээр үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.

Н.Гантуяа

 

相关新闻