Бразилын хаалгач Фабио дээд амжилт тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-08-20 16:54:37

РИО ДЕ ЖАНЕЙРО, 2025 оны наймдугаар сарын 20 /AFP/. Бразилын “Флуминенсе багийн хаалгач Фабио мягмар гарагт 1391 дэх тоглолтдоо оролцсоноор хамгийн олон тоглолтод оролцсон дэлхийн дээд амжилтыг тогтоожээ. 


Өдгөө 44 настай тэрбээр бямба гарагт Английн шигшээ багийн тоглогч асан Петер Шилтоны эзэмшиж байсан дээд амжилттай эн зэрэгцсэн бол мягмар гарагт Рио-де-Жанейрогийн Маракана цэнгэлдэх хүрээлэнд Колумбийн Америк де Кали багийг 2:0-ээр хожсон тоглолтод оролцсоноор амжилтаа ахиуллаа.


Флуминенсе клуб болон Бразилын хэвлэлийнхэн "Фабио хөл бөмбөгийн спортод түүхэн дээд амжилт тогтоолоо" гэж байгаа боловч Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ФИФА/ болон Өмнөд Америкийн хөл бөмбөгийн холбооны /КОНМЕБОЛ/ аль аль нь дээд амжилтыг зарлаагүй байна.


Тамирчны бүх замналаа Бразилд өнгөрүүлсэн Фабио Copa Sudamericana” тэмцээний шөвгийн 16-гийн тоглолтын үеэр бөмбөгийг амжилттай хаасныхаа дараа хэлэхдээ, бид заримдаа олон жилийн турш хадгалагдаж буй рекордыг эвдэхийн ач холбогдлыг ойлгодоггүй гэжээ.


Бразилын хөгжөөн дэмжигчид “Фабио бол Бразилын шилдэг хаалгач” хэмээн хашгирч, амжилтыг нь үнэлж дурсамж гардуулсан байна. Түүн шиг мэргэжлийн ур чадваргүй бол хэн ч ийм олон тоглолтод оролцож чадахгүй. Тэрбээр цаашид удаан хугацаанд тоглох нь дамжиггүй. Өөр тоглогч түүний амжилтыг давах нь хэцүү байх болно гэж Флуминенсе”-гийн дасгалжуулагч Ренато Гаучо ярилаа.


Фабио 2023 онд Флуминенсе багийн бүрэлдэхүүнд Либертадорес”-ийн цомд түрүүлсэн бөгөөд энэ зун АНУ-д болсон Клубүүдийн ДАШТ-ий хагас шигшээд шалгарсан юм. Тэрбээр 2005-2022 оны хооронд Крузейро” багт 976 тоглолт, Униао Бандейранте” багт 30 тоглолт, Васко да Гама” багт 150 тоглолт тус тус хийжээ.


Түүний Америк де Кали”-тай хийсэн тоглолт нь Флуминенсе”-гийн бүрэлдэхүүн дэх 235 дахь тоглолт байлаа. Английн хөлбөмбөгчин П.Шилтон зодог тайлж байсан 1997 онд Фабио тамирчны замналаа эхлүүлж байв. П.Шилтон өөрийгөө нийт 1387 тоглолтод оролцсон гэж үздэг боловч Гиннесийн амжилтын номонд түүнийг 1390 тоглолтод оролцсон хэмээн бүртгэсэн байдаг ажээ.



相关新闻