Герман, Аргентины багууд элсний гандболын тэмцээнд аваргалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-08-13 15:51:50

ЧЭНДҮ, 2025 оны наймдугаар сарын 13 /Xinhua/. БНХАУ-ын Чэндү хотноо болж буй Дэлхийн спортын наадмын элсний гандболын эрэгтэй, эмэгтэй төрөлд Герман, Аргентины шигшээ багууд аваргаллаа. 


Эрэгтэйчүүдийн төрөлд Германы шигшээ баг Португалыг буулган авч, алтан медаль хүртжээ. Эхний үед Португал 21-18-аар хожсон боловч германчуудын тоглолт сэргэж, хоёрдугаар үед 19-18-аар хожиж, тоглолтын харьцааг 1-1 болгож, эцсийн мөчид хожсон байна.


“Гайхалтай тоглолт боллоо. Багийн гишүүд бүгд гайхалтай тоглолт үзүүлсэн. Тэднээрээ маш их бахархаж байна. Мөн бидэнд хамгийн шилдэг хаалгач бий. Тэр бидэнд асар их тусаллаа” гэж Германы тоглогч Яннис Херр сүүлийн шатанд ялалт авчрах хамгаалалтыг хийсэн хаалгач Мориц Эбертийг магтан хэлжээ.


Харин Аргентины эмэгтэй баг эхний үед Германд 20:14-өөр хожигдсон боловч тэднийг 7:2-оор буулган авч ялалт байгуулсан байна. Хоёрдугаар үед Аргентин 22:12-оор тэргүүлжээ.


Эрэгтэйчүүдийн хүрэл медалийн төлөөх тоглолтод бразилчууд Испанийг 2:1-ээр хожсон бол Испанийн эмэгтэй баг Данийг 2:0-ээр буулган авснаар гуравдугаар байрт шалгарлаа.


Зохион байгуулагч орон болох Хятадын эрэгтэй баг тэмцээнд нэг ч хожилгүйгээр наймдугаар байрт шалгарсан бол эмэгтэй баг тавдугаар байрын төлөөх тоглолтод Португалын багт 2:0-ээр хожигдсоноор зургаадугаарт шалгарчээ.


Дэлхийн спортын наадмын долоо дахь өдрийн байдлаар, Хятадын баг тамирчид 18 алт, 6 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар медалийн хүснэгтийг тэргүүлж байгаа бол  Герман, Итали, Украин, Францын тамирчид эхний тавд жагсаж байна.



相关新闻