Орос-Украины дайныг Аляскийн уулзалтаар шийдэх үү?
ТОЙМ
УЛААНБААТАР, 2025 оны наймдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинд хэд хэдэн онцлох үйл явдал өрнөлөө. Тухайлбал, Америк-Оросын удирдагчид 2021 оноос хойш анх удаагаа уулзахаар тохиролцсон, 35 жил гаруйн турш үргэлжилсэн Азербайжан, Арменийн зэвсэгт мөргөлдөөн зогссон, Дэлхийн спортын 12 дугаар наадам Хятад улсын Чэндү хотод эхэлсэн, Японы Хирошима, Нагасаки хотууд атомын бөмбөгдөлтөд нэрвэгдсэнээс хойш 80 жил өнгөрсөнтэй холбогдуулан амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ёслол зэрэг томоохон үйл явдлууд болж өнгөрөв.
АНУ, ОХУ-ын удирдагчдын уулзалт Аляскт болно
Орос-Украины дайныг зогсоох арга
замыг эрэлхийлэхийн тулд ирэх баасан гарагт буюу наймдугаар сарын 15-ны өдөр АНУ-ын
Аляск муж улсад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзана гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп зарлан мэдэгдлээ.
Гурван жил гаруйн өмнө Орос-Украины дайн дэгдсэнээс хойш хоёр улсын удирдагчид
анх удаа биечлэн уулзахаар тохиролцсон нь өнгөрсөн долоо хоногт дэлхий дахины
анхаарлыг хамгийн ихээр татсан үйл явдал байв.
Хоёр улсын удирдагчид Унгар,
Швейцар, Итали, АНЭУ-ын аль нэгэнд нь уулзах боломжтой хэмээн таамаглаж байсан
хэдий ч эцсийн дүндээ Оросын эзэнт гүрний харьяанд байсан Аляск муж улсыг сонгосон
нь олон нийтийг гайхшрууллаа.
Дайныг 8 дугаар сарын 8 гэхэд
дуусгах ёстой гэсэн Д.Трампын шаардлагын хугацаа дуусахын яг өмнөхөн хоёр тал
ийнхүү тохиролцсон байна.
Америкийн зарим хэвлэлүүдэд бичиж
байгаагаар, Д.Трампын засаг захиргаа Аляскийн уулзалтад Украины Ерөнхийлөгчийг
урьж магадгүй гэдгийг үгүйсгэхгүй байгаа боловч гурван талт уулзалт болно гэдэг нь эргэлзээтэй байна.
Үүний сацуу, Украины ирээдүйн
тухай яриа хэлэлцээг Украины оролцоогүйгээр явуулах боломжгүй, тус улс газар
нутгийн асуудлаар Орост буулт хийх нь энхийг тогтоох урьдчилсан нөхцөл биш
гэдгийг Европын улсуудын удирдагчдын бямба гарагт гаргасан хамтарсан мэдэгдэлд
дурджээ. Эл мэдэгдлийг хийхийн өмнө тэд Украины удирдлагатай зөвлөлдсөн бөгөөд
уулзалтын товыг зарласнаас хойш яг нэг
хоногийн дараа ийнхүү байр сууриа
илэрхийллээ.
Гуч гаруй жил үргэлжилсэн
мөргөлдөөн зогслоо
Өнгөрсөн баасан гарагт Азербайжаны
Ерөнхийлөгч Ильхам Алиев, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян нар хоёр улсын
энх тайвны харилцааны тухай тунхаг бичигт Вашингтонд гарын үсэг зурлаа. Энэхүү түүхэн уулзалтад АНУ-ын
Ерөнхийлөгч Д.Трамп оролцож, хоёр улсын удирдагчидтай гар барилцав. Ингэснээр
Азербайжан, Арменийн хооронд 35 жилийн турш үргэлжилсэн сөргөлдөөн, зэвсэгт мөргөлдөөн эцэс болж байна.
Уг тунхаглалд “цаашид Энхийн
гэрээ байгуулах үйл явцыг ахиулах шаардлагатай” гэж онцлон дурджээ. Мөн бүс
нутагт зам харилцааг нээх, Азербайжаны нутаг ба түүний салангид нутаг болох
Нахичеваны хооронд /Армений нутгаар дамжин Ирантай
залгаа хилийн дагуу/ тээврийн коридор бий болгох асуудлыг тусгасан байна. Уг
коридорыг байгуулахад АНУ дэмжлэг үзүүлэх бөгөөд үүнийг “Олон улсын энх тайван,
сайн сайхны төлөөх Трампын зам” /TRIPP/ гэж нэрлэх ажээ.
Хирошима, Нагасакид атомын бөмбөг
хаяснаас хойш 80 жил өнгөрчээ
Дэлхийн II дайны үеэр Японы Хирошима, Нагасаки хотууд
атомын бөмбөгдөлтөд өртсөнөөс хойш яг 80 жил өнгөрчээ. Атомын бөмбөгийн уршгаар амиа алдсан олон
арван мянган хүний дурсгалыг
хүндэтгэх зорилгоор жил тутам зохион байгуулдаг ёслолд оролцохоор энэ
онд Нагасаки хотод 94 улс орон,
бүс нутгийн төлөөлөл ирсэн байлаа.
Ёслолын үеэр атомын бөмбөгдөлтөд
өртөн амь эрсэдсэн
хүмүүсийн шинэчилсэн жагсаалтыг дурсгалын цогцолборт
байрлуулжээ. Үүнд атомын бөмбөгдөлтөөс амьд
үлдсэн боловч өнгөрсөн 12 сарын хугацаанд нас барсан хүмүүсийн
нэрс багтсан байна. Жагсаалтад бичигдсэн нэрсийн тоо өдгөө 201
942-т хүрчээ.
1945 оны наймдугаар сарын 9-ний өдөр атомын бөмбөг хаясан яг тэр мөчид буюу өглөөний
11:02 цагт ёслолд оролцогчид
нэг минут дуугүй зогсож, амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ. Атомын бөмбөгт өртсөн ч өдгөө амьд мэнд байгаа хүмүүсийн тоо 100 мянгаас цөөрсөн
бөгөөд тэдний дундаж нас 86 байна. Ташрамд дурдахад, атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийг төлөөлдөг Японы байгууллага өнгөрсөн
онд Нобелийн энх тайвны шагнал хүртсэн юм.
Хотын дарга Сүзүки Широ энх тайвны тунхаглалыг айлдах үеэрээ дэлхий даяар үргэлжилж
буй зөрчил мөргөлдөөнийг нэн даруй зогсоохыг уриаллаа. Ерөнхий сайд Ишиба Шигэрү хэлэхдээ, цөмийн
зэвсэггүй дэлхий ертөнцийг бий болгоход чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн
хүчин чармайлтыг Япон улс манлайлах болно гэв.
Мөн Японы Хирошима хотод атомын бөмбөг хаяснаас хойш яг 80 жил өнгөрч
буйг тохиолдуулан тус хотын Энх тайвны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд болсон ёслолд түүхэнд хамгийн олон буюу 120 улс орон, бүс нутгийн төлөөлөгчид оролцлоо.
1945 оны наймдугаар сарын 6-ны өдөр Америкийн “Enola Gay” бөмбөгдөгч онгоц Хирошимад атомын бөмбөг хаясан яг тэр мөчид буюу өглөөний 8:15
цагт ёслолд оролцогчид нэг минут чимээгүй зогсон амь үрэгдэгсдийн
дурсгалыг хүндэтгэсэн байна. Атомын бөмбөгийн уршгаар тухайн оны
эцэс гэхэд 140 мянга орчим
хүн амиа алджээ.
Дэлхий даяар тогтворгүй байдал өсөн
нэмэгдэж буй энэ үед дэлхий ертөнцийг цөмийн
зэвсгээс ангижруулах үйл хэрэгт
оролцохыг Хирошима хотын дарга Казүми Мацүи залуучуудад хандан уриалжээ.
Японы Ерөнхий сайд Ишиба Шигэрү үг хэлэхдээ, цөмийн зэвсгийн аймшигт үр дагаврыг туулсан цорын ганц улсын хувьд Японы эрхэм зорилго бол цөмийн зэвсгээс ангид
дэлхий ертөнцийг бий болгох дэлхий дахины хүчин
чармайлтыг ахиулах явдал юм гэлээ.
Энэтхэгийн бараанд хамгийн өндөр татвар ногдуулна
Оросын нефтийг худалдан авсаар байна гэх
шалтгаанаар Энэтхэгийн бараанд 25
хувийн татвар нэмж ногдуулах тухай
зарлигийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт гаргалаа.
Ингэснээр Энэтхэгээс Америкт нийлүүлж буй бараанд
наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн ногдуулах татварын нийт хэмжээ 50 хувь болж өсөх бөгөөд АНУ-ын зүгээс бусад улсад ногдуулсан
хамгийн өндөр татваруудын нэг юм.
Сүүлийн жилүүдэд Энэтхэг улсыг
Вашингтоны худалдааны найдвартай түнш гэж үзэх болсон бөгөөд Ерөнхий сайд
Н.Моди энэ оны хоёрдугаар сард АНУ-д айлчилсан билээ. Гэтэл Хятад, Вьетнам,
Бангладешийн бараатай харьцуулахад Энэтхэгийн бараанд хамаагүй өндөр татвар
ногдуулсантай холбогдуулан Энэтхэгийн
Гадаад хэргийн яамнаас /ГХЯ/
лхагва гарагт хийсэн хариу мэдэгдэлд
дурдахдаа, манай улс Оросоос
импортлох барааны талаарх байр сууриа нэгэнт тодорхой илэрхийлсэн гэж мэдэгдээд
25 хувиар өсгөсөн татварыг “шударга бус, үндэслэлгүй” хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.
Татварыг нэмэгдүүлснээр
Энэтхэгийн барааны үнэ өсөж, АНУ-д нийлүүлэх барааны хэмжээ 40-50 хувиар буурна
гэж зарим шинжээч үзэж байгаа бол Энэтхэгтэй харьцуулахад Хятад улс Оросоос илүү их хэмжээний нефть
худалдан авч байгаа хэдий ч Хятадын бараанд 30 хувийн татвар ногдуулсан нь
“хоёр нүүр гаргаж буй хэрэг” гэж дүгнэх ажиглагчид ч байна.
“АНУ-ын зүгээс Энэтхэгт нэмэлт татвар ногдуулах шийдвэр гаргасан нь туйлын
харамсалтай байна. Манай улс
үндэснийхээ эрх ашгийг хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна” гэж Энэтхэгийн ГХЯ-ны мэдэгдэлд дурдсан байна.
Apple компани АНУ-д 600 тэрбумын хөрөнгө оруулна
Үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн тулд
АНУ-д 100 тэрбум долларын хөрөнгийг нэмж оруулахаар төлөвлөж байгаагаа Apple компани мэдэгджээ. Татварыг нэмэгдүүлэх шийдвэрээс үүдэн импортын
бүтээгдэхүүн, эд ангиудын зардал
өсөж буйг харгалзан тооцсоны үндсэн дээр ийнхүү шийдвэрлэсэн
байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын
зүгээс үйлдвэрүүдээ Америк руу
шилжүүл гэсэн шахалтыг Apple зэрэг компаниудад үзүүлж буй үед уг шийдвэрийг гаргажээ. iPhone гар утас
үйлдвэрлэгч компанийн
гүйцэтгэх захирал Тим Кук
лхагва гарагт Д.Трамптай хамт хэвлэлийн хурал хийх үеэрээ нэмэлт хөрөнгө
оруулалтын талаар мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр, энэхүү
шийдвэр нь Apple-ийн бүтээгдэхүүнүүдийн чухал эд ангиудын Америк дахь үйлдвэрлэлийг эрс нэмэгдүүлэх ажээ. Төлөвлөгөөний дагуу iPhone гар утасны дэлгэцийн шилний үйлдвэрийг Кентакки муж улс руу шилжүүлэх юм.
Мөн Тайванийн TSMC компанийн Америк дахь үйлдвэрүүд Apple-д зориулсан чипний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр энэ оны
хоёрдугаар сард зарласан хөрөнгө оруулалтыг тооцвоос, Apple-ийн ирэх дөрвөн жилийн хугацаанд АНУ-д оруулах хөрөнгийн хэмжээ 600 тэрбум ам.долларт хүрнэ.